ХОВД: Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онд 3.3 хувь болж буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд 2020 оноос хойш олон эерэг үзүүлэлт гарчээ.
Ховд аймаг 2020-2024 онд хүний хөгжлийг дэмжсэн бие даасан эдийн засагтай, стандарт бүхий шинэ Ховдыг цогцлоон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн юм.
Судалгаанаас үзэхэд, Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 578.3 тэрбум төгрөг байсан. Тэгвэл 2023 онд 1046.8 тэрбум төгрөгт хүрч, 81.1 хувь буюу 468.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь авч үзэхэд, хөдөө аж ахуйн салбар 2020 онд 227.1 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 333.8 тэрбум төгрөг болсон. Мөн үйлдвэрлэлийн салбар 2020 онд 181.1 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 425.2 тэрбум, үйлчилгээний салбар 2020 онд 170 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 287.7 тэрбум төгрөгт тус тус хүрчээ.
Харин нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 6.5 сая төгрөг байсан бол 2023 онд 11.5 сая төгрөгт хүрч, 77 хувь буюу 5.0 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 38.7 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 84.2 тэрбум төгрөг болжээ. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 2020 онд 11.7 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 31.1 тэрбум төгрөгт хүрч, нэмэгджээ.
Үүнээс гадна Ховд аймгийн хэмжээнд 2020 онд үр тариа, төмс, хүнсний ногоог 2545.7 га талбайд тарьж, 24865.5 тонн ургац хурааж авсан. Тэгвэл 2023 онд 3333.9 га талбайд тариалалт хийж, 29860.1 тонн ургац хураасан нь 2020 онтой харьцуулахад тариалалт 23.6 хувь, ургац хураалт 16.7 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Мөн онцлоход, Ховд аймаг нь 2021 онд Монгол Улсын шилдэг аймаг болсон юм.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар Ховд аймаг 2022 онд 50.06 оноогоор 15 дугаар байрт эрэмбэлэгдсэн бол 2023 онд 62.15 оноо авч, ерөнхий оноо 12.09 нэгжээр нэмэгджээ.
Ховд аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2020 онд 7.4 хувь байсан бол 2023 онд 3.3 хувь болж буурсан. Хүний хөгжлийг илтгэх үндсэн үзүүлэлт болох дундаж наслалт 2020 онд 73.1 байсан бол 2023 онд 74.02 болж, улсын дунджаас 2.5 насаар илүү байгаа юм.
Ховд аймгийн ИТХ-ын найм дахь бүрэн эрхийн хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр болж, дээрх мэдээллийг ИТХ-аас танилцууллаа.