“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-16 12:35:07

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллуулж эхэллээ.


Архидан согтуурсан, гудамжны иргэд энд олноор цугладаг тул орчны байдлыг аюулгүй, эмх цэгцтэй болгохоор пост ажиллуулж байна. Пост нь нэмэх, хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц аж.


Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэ хавьд архидан согтуурдаг 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулна. Гэхдээ үүнийг төр дангаараа бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” хэмээв.


Нарантуул захын энэ цэгээс зүүн чиглэлд нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан тул удахгүй газар чөлөөлнө. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгыг ойрын хугацаанд цэгцлэхийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ