ӨМНӨГОВЬ: Цөлжилттэй тэмцэхдээ эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал гээд цогцоор нь харж хэрэгжүүлэх нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол
улсад ойн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Өмнөговь аймагт сум дундын ойн анги
байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Цөлжилтийн эсрэг ногоон
ирээдүй" эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Бага хуралд говийн бүсийн 4 аймгийн 220 гаруй
албан хаагч оролцож байна.
Эрдэм
шинжилгээний бага хурлыг "Оюутолгой" компани санаачлан хэрэгжүүлж
байгаа "100 сая мод" хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа
бөгөөд цөлжилтийн эсрэг газар ашиглалт, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт,
биологийн олон янз байдлын талаарх эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлын үр
дүн, санал, зөвлөмж, говийн бүсийн ургамалжуулалт, үрийн нөөц бүрдүүлэлт,
хамгаалал, говийн ногоон ирээдүй, бизнесийн боломжууд, санхүүгийн шийдлүүд,
сайн туршлага сэдвээр илтгэл болон
хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хурлын
нээлтэд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль
орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар оролцлоо.
Сайд С.Одонтуяа хэлсэн үгэндээ, "Манай улсын нийт нутаг
дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн гэсэн судалгаа бий. Тиймээс
салбарын сайдын хувьд цөлжилтийн эсрэг ажлыг эрчимжүүлж, ялангуяа говийн
бүсэд нар, салхины эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх, говийн бүсийг
усжуулах мега төсөл дээр онцгой анхаарч ажиллана.
Мөн Өмнөговь аймаг хөв цөөрөм байгуулах, мод тарьсан иргэдэд урамшуулал олгох зэрэг сайн туршлагуудыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай, бусад аймагт энэ туршлагыг түгээж, цаашид улс орон даяар хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцоллоо.
ШУА-ийн Газарзүй,
геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, профессор А.ХАУЛЕНБЕК:
-Монгол Улсын байгаль орчны мэргэжилтнүүд Өмнөговь аймагт цуглаж үндэсний хэмжээний цөлжилтийн асуудлыг хэлэлцэн, түүнтэй тэмцэх технологиудын талаар ярилцаж байгаад маш их баяртай байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн гэж үздэг. Тодруулбал сул, дунд, хүчтэй, маш хүчтэй гэсэн зэрэглэл бий. Тэгэхээр цөлжилтөд хамгийн их өртөж байгаа аймгууд бол говийн аймгууд байдаг. Монгол Улсын цөлжилтийг 1987 оноос хойш судалж эхэлсэн бол бүх нутаг дэвсгэрийг хамруулан үнэлсэн судалгааг 2000 оноос эхлүүлсэн. Тиймээс энэ хугацаанд ямар судалгаанууд хийсэн, алдаа, оноо, хууль эрх зүйн орчин талаасаа дутагдалтай зүйл юу байгаа талаар бид хэлэлцэхээр болж байна. Энэ эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, БОЯ-ны албаны дарга нар, сайд нь өөрөө биеэр ирж оролцож байгаа нь хэлэлцүүлгийг үр дүнтэй болгож байна.
"Оюутолгой" компанийн Тогтвортой хөгжлийн ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр:
-Оюутолгой компанийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих
амлалт авсан. Тус хөдөлгөөн хэрэгжиж эхлэх үед ойн салбарын мэргэжилтнүүд хомс,
энэ чиглэлээр сургаж байгаа их, дээд сургуулийн тоо маш цөөн байгаа талаар
судалгаа гарсан байдаг. Үүнтэй уялдуулаад "Оюутолгой" компани дан ганц мод
тарихаас гадна боловсон хүчин бэлтгэх, тус салбарын мэргэжилтнүүдийг
чадавхжуулах, нөөц баазыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд ойн салбарын
мэргэжилтэн бэлтгэх, богино болон урт хугацааны сургалт зохион байгуулах,
гадаадын их, дээд сургуулийн багш, сурагчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, ойн
нөхөрлөл, малчид иргэдэд ойн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлж, мэдлэг олгоно. Энэ жилдээ хоёр сургалт зохион
байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ бага хурлаар говийн бүсэд
ойжуулалт хийхэд тулгамдаад байгаа асуудал юу байна, сорилтыг даван туулж
ямар ажлууд хийхээр байна гэдэгт их анхаарч оролцож байгаа.
Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангийн дарга Э.Ариунтулга:
-Өмнөговь аймагт байгаль орчны салбарын эрдэмтэн, доктор, мэргэжилтнүүд цуглаж цөлжилт, бэлчээрийн доройтол, цаг уурын өөрчлөлт зэрэг сэдвээр хэлэлцэж байна. Энэ эрдэм шинжилгээний бага хурлаас салбарын мэргэжилтнүүд 10 зөвлөмж гарган холбогдох яам, агентлагуудад хүргэх юм. Манай сум дундын ойн ангийг 2014 онд байгуулсан. Анх 5 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бол одоо 37 албан хаагчтай, 59 гэрээт албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ойжуулалтын 2300 га талбайн усалгаа арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Сүүлийн таван жилийн байдлаар 15 сумын төрийн байгууллагад 210 мянга орчим тарьц суулгацыг үнэ төлбөргүй нийлүүлсэн.
Ойн инженер, доктор Я.Ариунзул:
-Олон улсын хэмжээнд 1977 оноос хойш цөлжилт гэдэг байгаль орчны маш том асуудал байна гэдгийг гаргаж тавьсан. Дэлхийн цөлжилттэй тэмцдэг 2000 гаруй арга аргачлал байдаг. Үүнээс харахад хамгийн гол нь тухайн бүс нутагт нь тохирсон зөв бодлого байгаа юм. Эхлээд бодлогоо зөв тодорхойлоод, дараа нь хууль эрх зүйн орчноо тодорхойлох хэрэгтэй.
Цөлжилтийн талаар манай улс өнөөг хүртэл 4 удаагийн хөтөлбөр гаргасан. Үе үеийн энэ дөрвөн хөтөлбөр хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэж нуруундаа үүрсэн газарзүйн геоэкологийн хүрээлэнгийн Уламбаяр, Ганчөдөр, Мандах гээд гурван доктор байгаа. Тэдний докторын ажлаар үндэслэн засгийн газар, яам нь ажлаа явуулдаг. Энэ хүмүүс бол судалгаа хийдэг хүмүүс, бодлогын хүмүүс биш шүү. Үүгээр бодлогын эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байгааг хэлэх гээд байгаа юм.
Дэлхий нийтийн 3.1 хувь нь цөлжсөн, 3 тэрбум хүн цөлжилтөд өртсөн. Олон улсад цөлжилтийн эсрэг олон төрлийн арга аргачлал байна. Бид тэднийг шууд авчирч хэрэгжүүлнэ гэдэг өрөөсгөл юм. Жишээ нь Австралийн Холбооны Улсын цөлжилттэй тэмцэж байгаа арга бол яг манай оронд барууныхны санал болгож байгаа аргачлал байгаа. Гэвч энэ нь магадгүй хөгжсөн орнуудад илүү тохиромжтой байдаг. Цөлжилтийг дан ганц элсжиж байгаагаар үзэхгүй. Бутаны Хаант Улс бол уулын орон учраас уулын нуранги их үүсдэг. Цаашлаад Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Кувейт Улс бүгд өөр өөрийн онцлогтой. Уур амьсгал, байгалийн олон янз байдалд нь тохирсон ажлыг зохион байгуулж, цөлжилтөөс сэргийлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа бид цөлжилттэй тэмцэхдээ эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал гээд цогцоор нь харж хэрэгжүүлэх нь чухал.
Тодруулбал, анх "Тэрбум мод" хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд олон улсын хурлын
үеэр БНХАУ-ын Ногоон сангийн захирал “Бид цөлд нэг мод тарихдаа яаж түүнээс ашиг олох вэ гэж тарьдаг” хэмээн ярьж байсан. Экосистемтэй тэмцэх гэж, цөлжилтийг сааруулах гэж тарьдаггүй. Ой гэдэг бол ойн аж ахуй юм гэж хэлсэн. Тэгэхээр бид өргөн
агуулгаар, цогцоор нь харж, бодлогоор хийж
хэрэгжүүлдэг тийм хуулбарлаж болох жишээг хийх хэрэгтэй. Дахин хэлэхэд шууд
хуулж болохгүй, өөрийн нутаг орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх хэрэгтэй юм.