Төрийн үйл ажиллагааг цахимжуулж “Цаасгүй засаг” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-11 15:53:03

Улаанбаатар2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Цаасгүй засаг” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.


Үүнтэй холбогдуулж албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаар солилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд, төрийн үйл ажиллагааны шаардлагагүй алхмуудыг багасгах, цахимаар мэдээлэл солилцох талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт үүрэг болгов.


Төрийн бүтээмжийн хорооны ажлын албанаас 2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар шилэн данснаас авсан тоон мэдээлэлд үндэслэн яамдын бичиг хэргийн зардлыг тооцсон судалгаагаар нэг яамны жилийн дундаж зардал 44,1 сая төгрөг буюу 15 яамны бичиг хэргийн нийт зардал 662,3 сая төгрөг, 14 яамны шуудан, холбоо, интернэтийн төлбөрт зарцуулсан нийт зардал 574,2 сая төгрөг, дундаж зардал 41,0 сая төгрөг болсон байна. Мөн яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцож үзэхэд албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг.


Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг хуульд заасан журмын дагуу 30 хоногт шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой ч иргэн, хуулийн этгээдийн санал хүсэлтийг төрийн байгууллага хүлээн аваад нийт 4-5 шат дамжлагыг дамжин, 4-10 өдрийг зарцуулж байж хариуцсан мэргэжилтэнд очиж, шийдвэрлэх ажиллагаа руу шилждэг аж. Энэ нь санал хүсэлтийг 30 хоногт амжиж шийдвэрлэхгүй, шийдвэрлэлтийн хугацааг сунгах эсвэл буцаах хүртэл арга хэмжээ авч, ажиллагаа бүрд цаасны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.

 
 

 

Холбоотой мэдээ