Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад олон нийтийн дуу хоолойг хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. НҮБ-аас энэ сарын 22-23-нд Нью-Йорк хотноо “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-ыг зохион байгуулна. Тус чуулга уулзалтыг угтаж Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол Улс дахь НҮБ хамтран өнөөдөр “Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан
Мишра энэ үеэр хэлэхдээ “Монгол Улс сая Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед оролцсон. Тэрбээр Тогтвортой
хөгжлийн зорилгын хэрэгжилт дэлхий даяар дунджаар 15 хувьтай байна гэсэн мэдээллийг
өгсөн. Гэтэл бид 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлсэн байх ёстой.
Бидэнд зургаан жил үлдсэн байна гэсэн үг. Үлдэж буй хугацаанд хүлээгдэж буй
ажлууд олон байгааг энэ тоо харуулж байна.
Дэлхий нийтээрээ цар тахалд
өртсөн, геополитикийн дайн өрнөж байна. Нөгөө талаасаа уур амьсгалын өөрчлөлтийн
улмаас нөхцөл байдал хүндэрсэн гэхчлэн маш олон асуудал руу өөрсдийн буруугаа чихэж
болох юм. Гэсэн хэдий ч Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад бид
тийм ч их дэвшилтэт бус байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тус зорилгын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улс харьцангуй сайн үзүүлэлттэй
яваа. Монгол Улсаас НҮБ-д өргөн барьсан Үндэсний сайн дурын илтгэлээс харахад,
дэлхийн дунджаас харьцангуй сайн байгааг баттай хэлж чадах байна“ хэмээн онцолсон юм.
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн
нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан “Өнгөрөгч онд манай улс НҮБ-ын дээд
түвшний уулзалтад Үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлээ
танилцуулсан. Өнгөрсөн онтой харьцуулахад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт
9 хувиар ахисан дүнтэй байна. 2023 онд 27,6 хувьтай байсан бол энэ онд 36,9 хувьтай
гарсан” гэлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний
чуулган”-аар хэлэлцэх үндсэн асуудлын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын
хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн ямар гарц шийдэл байгааг энэ үеэр эрэлхийлсэн юм.
Товчдоо бол, Монгол Улсаас НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах илтгэлд олон нийт, оролцогч талуудын дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулав.