СҮХБААТАР: Орон нутгийн сонгуульд дөрвөн нам, эвсэл оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн сонгуулийн хороонд орон нутгийн
сонгуульд оролцохоор дөрвөн нам, эвсэл хуулийн хугацаандаа бүртгүүлжээ.
Тодруулбал, энэ удаад Сүхбаатар аймгийн хэмжээнд аймгийн ИТХ-д АН, МАН, ХҮН, Иргэний хөдөлгөөний нам, ИЗНН гэсэн таван нам оролцох хүсэлтээ гаргасан. Гэвч 9 дүгээр сарын 5-ны 24:00 цагаас өмнө АН, МАН, ХҮН, Иргэний хөдөлгөөний намууд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өгч, сонгуульд
оролцох эрхээ баталгаажуулжээ.
Сүхбаатар аймгийн ИТХ нийт 29 мандаттай. АН МАН-аас тус бүр 29, Иргэний хөдөлгөөний намаас 4, ХҮН 3 нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Бие даагч байхгүй гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Орон нутгийн сонгуулийн
сурталчилгаа 9 дүгээр сарын 26-нд эхэлж, 14 хоног үргэлжлэх бол санал хураалт 10 дугаар сарын 11-нд болно.