ЗАВХАН: 1000 ном хөтөлбөрийг таван жилийн турш хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймаг орон нутагт анх удаа “1000 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн судалгаа, тус сургуулийн хүүхдийн номын редакцийн уншлагын хөтөлбөрийн туршлагаар хүүхэд 18 нас хүртлээ уншвал
зохих 1000 номыг уншсанаар бүхий л төрлийн мэдлэгээр хангагдана. Улмаар дэлхийн иргэн болж төлөвших боломж бүрдэнэ гэж үздэг. Тиймээс “1000 ном” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж эхэллээ.
“1000 ном” хөтөлбөр Завхан аймгийн Ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжих бөгөөд номын 40 хувь монгол хэлээр, 40 хувь нь англи монгол хосолсон хэлээр, 20 хувь нь англи хэлээр сурагчдад хүрнэ.
Хөтөлбөрийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Орон нутагт анхлан хэрэгжүүлж эхэлсэн англи хэлний “Pearson” хөтөлбөр жилийн хугацаанд үр дүнгээ өгсөн. Манай аймаг элсэлтийн шалгалтын үнэлгээгээр англи хэлээр 21 аймгийн сүүлд орж байсан бол энэ жил 10 дугаар байрт орж амжилтаа ахиулсан. Тиймээс олон улсын томоохон сургалтын хөтөлбөрүүдийг орон нутагтаа нутагшуулж, амжилтаа улам ахиулах боломж бүрдэх учир “1000 ном” хөтөлбөрийг хичээлийн шинэ жилээс эхлүүлж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй
улс оронд хүүхдүүдээ сурч боловсрох, зөв хүн болж төлөвших үндэс суурийг тавьж
байгаадаа баяртай байна. Энэ хөтөлбөр таван жил хэрэгжинэ. Хөтөлбөрийн үр дүнг Завханы ирээдүй болсон хүүхэд залуусаас харцгаая. Бид барилга
байгууламж, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулахаас гадна хүндээ, хүнийхээ
хөгжилд хөрөнгө оруулах ёстой” гэж онцлов.
Мөн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар, сурагчид, эцэг эхчүүд хамтран хичээх нь чухал юм" гэв.