Нүүдэлчин наадам морьт харваа, шагайн харваа зэрэг үндэсний спортоор үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нийслэлийн Налайх дүүрэг дэх Тайж хайрханы бэлд үргэлжилж байна.
Энэ удаагийн фестивальд нүүдлийн ахуй соёлт улс орнуудыг урьж оролцуулснаар хүн төрөлхтний бүтээсэн хосгүй гайхамшигт өв уламжлалын нэгэн дор үзүүлж буйгаараа онцлог байгааг зохион байгуулагч нар нь мэдээллээ.
"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулбал:
Хорин нэгэн аймаг, нийслэл хотын оролцогч нар отоглон нутаг нутгийн ардын язгуур урлаг, зан үйлийн үзүүлэх тоглолт, гар урлалын үзэсгэлэнг дэлгээд байна. Мөн фестивальд урилгаар оролцож буй Филиппин, Турк, Киргиз, Узбекистан, ОХУ-ын Алтайн хязгаар, БНСУ, Герман зэрэг орны төлөөлөл урлагийн тоглолт үзүүлж байна. Оролцогч гадаад, дотоодын зочид төлөөлөгч нар соёлын өвийг танилцуулахаас гадна манай улсаас урианхай, буриад сурын харваа, шагайн тэмцээн зэрэг үндэсний спортыг үзүүлж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зорин ирэх иргэдэд зориулан нийтийн тээвэр Д.Сүхбаатарын талбайн урд талын, хуучнаар Ленин клубийн буюу Санкт Петербург төвийн зогсоолоос Налайх дүүргийн Тайж бэл рүү 08:00-22:00 цаг хүртэл өдөр бүр буюу 8 дугаар сарын 18-ныг дуустал үйлчилнэ.