ДАРХАН-УУЛ: Төр, хувийн хэвшлийн 24 сургуульд 184 багшийн сул орон тоо байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар
төрийн өмчийн 16 сургуульд 135, хувийн хэвшлийн найман сургуульд 49, нийт 184
багшийн сул орон тоо байна.
Төрийн өмчийн сургуулиудад хамгийн их эрэлттэй нь англи хэлний 25, бага ангийн 14, математикийн 11, түүх, нийгэм судлалын 13, технологийн найман багш дутагдалтай байна гэж аймгийн БШУГ-аас мэдэгдлээ.
Түүнчлэн хувийн хэвшлийн найман сургуульд 49 багш шаардлагатай байгаагаас мэргэжлээр нь авч үзвэл бага ангийн багш хамгийн их дутагдалтай байгааг онцолж байна. Мөн англи хэлний багш долоо, монгол хэл, уран зохиолын багш дөрөв, зураг, технологийн багш тав, нийгмийн ажилтны нэг орон тоо сул байгаа аж.
Төрийн өмчийн сургуулиудаас Оюуны-Ирээдүй цогцолбор 36, Од цогцолбор 20, арвантавдугаар сургууль 13, хувийн хэвшлийн сургуулиудаас Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19 дүгээр сургууль 14, Дархан дээд сургуулийн дэргэдэх 24 дүгээр сургуульд 11 багшийн сул орон тоо байна.
Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 56 багш, ажилтны орон тоо сул байна. Үүнээс хамгийн эрэлттэй нь биеийн тамирын багш 13 цэцэрлэгт шаардлагатай байгаа бол хөгжмийн багш гурав, арга зүйч, багшийн туслах нэг, эмч гурав, жижүүр арав, үйлчлэгч долоо, тогоочийн туслах зургаан цэцэрлэгт шаардлагатай ажээ.
Багшийн сул орон тоо гарч буй нь тэтгэвэрт гарч байгаа болон шижилт хөдөлгөөнөөс шалтгаалдаг гэж аймгийн БШУГ-ын дарга Л.Буянтогтох онцолж байна.