Булангийн орнуудад мах экспортлох гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсаас Кувейт улс цаашлаад Булангийн орнуудад мах махан бүтээгдэхүүн экспортлох гарцыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар ХХААХҮЯ, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилттэй Экспортыг дэмжих төсөлд хамрагдаад буй.
Уг төслийг хэрэгжүүлэхээр Стандарт, хэмжил зүйн газар тохирлын үнэлгээний байгууллагын чадавхыг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа авч ажиллан, Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Итгэмжлэлийн төвийн шалгуур шаардлагыг бүрэн хангасан юм. Ингэснээр халал хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах 0089 тоот итгэмжлэлийн гэрчилгээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд дөрвөн жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.
Ингэснээр тус газар Халал баталгаажуулалтын гэрчилгээ олгох эрхтэй болж, махны экспортын шинэ зах зээлийг нээх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах боломжтой болж, Булангийн орнуудад Кувейт, Оман, Катар, Саудын араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, дотоодын компаниудад анх удаа энэ сарын 12-нд гэрчилгээг гардуулав.
Нийт 6 байгууллага хүсэлт гаргаснаас СХЗГ-аас үйлдвэрлэлд үнэлгээ хийхэд “Дорнод мах маркет” ХХК, “Траст групп” ХХК стандартын шаардлагыг хангасан тул уг хоёр компанид хоёр жилийн хугацаатайгаар Халал стандартын гэрчилгээ олгов. Энэ ажлыг эрчимжүүлэхэд Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Кувейт Улс дахь Монгол Улсын Элчин сайд П.Сэргэлэн нар бодлого, удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллажээ.