Нийслэлд 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-12 12:04:41

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалт, ашиглалтад ороогүй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг хэлэлцжээ.


Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль, 87 цэцэрлэг, зургаан спорт заал ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажил үргэлжилж байгаа аж. Зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэж, төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилгын ажил удааширчээ. Сургууль цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай холбоотойгоор нийслэлийн таван дүүргийн найман байршилд 44870 м2 газрыг чөлөөлсөн байна.


Хан-Уул дүүргийн хувьд энэ хичээлийн жилд 63 сургууль, 141 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд бэлтгэл ажил 90 хувьтай байгаа аж. Өнөөдрийн байдлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10 хороонд 20 сургууль, 14 хороонд 14 цэцэрлэг шинээр барьж байна. Тэгвэл Чингэлтэйд 28 сургууль, 48 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Есдүгээр сарын 1-нээс өмнө тавдугаар сургуулийн өргөтгөл, 276 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах аж. Харин Сүхбаатар дүүрэгт 51 сургууль, 56 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах ба дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Мөн Баянголд 49, сургууль, 78 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Энэ онд хоёр сургууль, гурван цэцэрлэг бүрэн ашиглалтад оруулах юм байна. Тус дүүрэгт есөн цэцэрлэг, гурван сургууль түрээсийн байранд хичээллэхээр болсноос гадна зургаан сургууль гурван ээлжээр хичээллэх гэнэ.


Нийслэлийн хамгийн том хоёр дүүргийн нэг Сонгинохайрханд хичээлийн шинэ жилийн бэлтгэл дөнгөж 60 хувьтай яваа аж. Тус дүүргийн Засаг даргын танилцуулснаар 35 сургууль, 117 цэцэрлэг хичээллэнэ. Шинээр долоон сургууль, 12 цэцэрлэг баригдаж байгаа юм. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт 185 цэцэрлэг, 70 сургууль хичээллэх бөгөөд сургуулийн 265 автобус хүүхдүүдэд үйлчлэх юм байна. Энэхүү дүүрэгт шинээр таван сургууль, 17 цэцэрлэг барьж байгааг албаныхан дуулгалаа. 



Холбоотой мэдээ