Эхний хагас жилд барилга угсралт, их засварын 92.1 хувийг дотоодын компаниуд гүйцэтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-08-09 10:34:14

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл 3.7 их наяд төгрөгт хүрчээ. Тухайлбал:

  • 3.4 /92,1 хувь/ их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага,
  • 290.8 /7,9 хувь/ тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Тус салбарын эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2023 оны мөн үеийнхээс 721.2 тэрбум төгрөгөөр давахад 530.6 тэрбум төгрөгөөр дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил нэмэгдсэн нь нөлөөлөв.


Дотоодын барилгын байгууллагаас хувийн хэвшлийнхний гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 3.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 529.7 тэрбум төгрөгөөр давжээ. Мөн төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 31.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн байна. Харин гадаадтай хамтарсан байгууллагынх 25.3 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 3.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болжээ.


Энэ оны эхний хагас жилийн барилга угсралт, их засварын ажлын хувьд:

  • 37.0 хувийг орон сууцны барилга,
  • 31.8 хувийг орон сууцны бус барилга,
  • 29.0 хувийг инженерийн барилга, байгууламж,
  • 2.2 хувийг их засварын ажил,

Эдгээр нь 2023 оны мөн үеийнхээс инженерийн барилга, байгууламжийн ажлын эзлэх хувь 12.5 нэгж хувиар нэмэгджээ. Гэхдээ орон сууцны барилгынх 7.5 нэгж хувиар, орон сууцны бус барилгынх 4.1 нэгж хувиар, их засварын ажлынх 0.9 нэгж хувиар буурсан байна


Улаанбаатар хотод эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгджээ. Энэ нь улсын дүнд 49.4 хувийг эзэлж, 2023 оноос 1.0 нэгж хувиар буурсан дүн юм.


Эхний хагас жилд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Дорноговь аймагт төмөр зам болон авто замын, Дархан-Уул аймагт зам засвар өргөтгөлийн ажил, орон сууцны барилгын, Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн барилгын өргөтгөлийн ажил, орон сууцны барилга зэрэг ажил эрчимтэй явагдсан байна

 

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийг аймгаар авч үзэхэд:

  • Өмнөговь аймагт 625.7 тэрбум төгрөг,
  • Дорноговь аймагт 179.0 тэрбум төгрөг,
  • Дархан-Уул аймагт 122.1 тэрбум төгрөг,
  • Орхон аймагт 100.6 тэрбум төгрөг,

Тухайн аймгуудын барилга угсралт, их засварын ажлын дүнд 59.6 хувь ногдож байна.


Барилга угсралт, их засвар гэж барилга байшин барих болон инженерийн зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно.

Орон сууцны барилга нь хамгийн багадаа түүний тал хэсгийг нь орон сууцны зориулалтаар ашигладаг байгууламж юм.

Орон сууцны бус барилгад барилгын багахан хэсгийг (нийт талбайн 50%-иас бага хэсэг) орон сууцны зориулалтаар ашигладаг барилгыг оруулна.

Инженерийн барилгын ажилд төмөр зам, зам, гүүр, хурдны зам, онгоцны буудлын талбай, ус хангамж, бохирын шугам, далан хаалт, усжуулалтын байгууламж зэрэг барилга угсралтад ангилагддаггүй барилга байгууламжийн бүх ажлыг оруулна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.

 

Холбоотой мэдээ