Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-10-12 09:27:58

СӨҮЛ. /Yonhap/ Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй байгаа учир ямагт бэлтгэлтэй байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ улсынхаа холбогдох албаны хүмүүст анхааруулжээ.

Мягмар гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр Пак хэлэхдээ “манай улс болон АНУ даваа гарагт Умард Солонгосыг нухацтай ажигласан” гэв. Өчигдөр умард солонгосчууд эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 71 жилийн ойг тэмдэглэсэн билээ.

Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгаж, тус улсад шахалт үзүүлэхийн тулд манай улс бусад улстай хамтран ажиллана гэж Ерөнхийлөгч Пак хэлжээ.

Пхеньянтай хэлэлцээ хийх нь зүйтэй гэсэн сөрөг хүчний намуудын уриалгатай холбогдуулан тэрбээр хэлэхдээ “хэлэлцээ хийх нь өмнөд солонгосчуудын аюулгүй байдалд хохирол учруулж, Умард Солонгост цаг хожих боломж олгосон хэрэг болно” гэсэн байна.

Мөн хатагтай Пак цааш нь хэлэхдээ “ядуурал болон Пхеньяны цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн зардал нь хоорондоо ямар хамааралтай болохыг умард солонгосчуудад ойлгуулах хэрэгтэй байна” гэжээ.

Түүнчлэн Умард Солонгосоос оргон зугтаж Өмнөд Солонгост ирсэн хүмүүсийг байрлуулах хангалттай тооны орон байр барихыг хатагтай Пак холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ