Гэрээ байгуулсан иргэдийн нөхөх олговрын мөнгийг шилжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-29 16:21:20

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө.


Иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвшилцсөний үндсэн дээр нөхөх олговрыг олгож байна. Тодруулбал, дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийж, одоогоор 1250 нэгж талбартай гэрээ байгуулан, 885 иргэний нөхөх олговрыг олгох захирамж гаргажээ. Эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөллөө. Чөлөөлсөн газрын ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх, хөрсийг ариутган, хашаа байшингийн хог хаягдлыг зөөж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныханд газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгоод, “Газар чөлөөлснөөр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангана. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийнэ” гэв.


Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа эхний ээлжид 12 мянган айлын барилга барина. Төслийн төлөвлөлтийг "20 минутын хот" зарчим баримталж, цогц байдлаар хийснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар, хөрсний бохирдол багасаж, замын түгжрэлийг тодорхой хэмжээнд шийдэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Холбоотой мэдээ