ТӨВ: Зүүн Азийн Аялал жуулчлалын холбооны 18 дахь удаагийн Ерөнхий чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-28 11:06:25

Зуунмод, 2024 оны 7 дугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн аялал жуулчлалын холбооны 18 дахь удаагийн ерөнхий чуулганыг “Олон улс болон орон нутгийг холбох нь” сэдвийн дор 7 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.


Зүүн Азийн аялал жуулчлалын холбоонд Монгол Улсын Төв аймаг, БНСУ-ын бие даасан тусгай Кангвон муж, Япон улсын Тоттори муж, Филиппин улсын Себү муж, Малайз улсын Саравак муж, Индонез улсын Жог-Жакарта, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Куанг Нинх муж, Лаос улсын Луанг Прабанг муж, Камбож улсын Сием Реап мужууд харьяалагддаг.


Зүүн Азийн бүс нутаг хоорондын аялал жуулчлалын холбоо /EATOF/ нь 2000 онд БНСУ-ын Кангвон мужид олон салбар, ялангуяа аялал жуулчлалын чиглэлээр харилцан солилцоо хийх замаар энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх зорилгоор анх зохион байгуулж байв.


Төв аймаг анх 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 8 дахь удаагийн EATOF-2008 ерөнхий чуулганыг зохион байгуулж байсан бөгөөд 16 жилийн дараа 18 дахь удаагийн “EATOF-2024” ерөнхий чуулганыг дахин зохион байгуулж байна.



“EATOF-2024” Ерөнхий чуулганыг зохион байгуулагч Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ, “Энэ удаагийн Ерөнхий чуулган Зүүн Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан, улам бүр нягтарч, холбоо харилцаагаа шинэлэг түвшинд хүргэх боломжийг бүрдүүлсэн, аймаг, муж хоорондын аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, жуулчдаа харилцан солилцох замаар гишүүн орнуудын аялал жуулчлалын байгууллага, иргэдэд ач холбогдол, үр өгөөжөө өгсөн үйл ажиллагаа боллоо.


Энэ жилийн чуулганыг баяр наадамтай хамтатган зохион байгуулж байгаа нь онцлог байна. Бид нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан” гэв.



Чуулганаар хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт, хоёрт талт уулзалт, тунхаг бичигт гарын үсэг зурах зэрэг үйл ажиллагаа болсон юм. Мөн хоёр талт уулзалтаар дараах саналуудыг дэвшүүлж байв. Тухайлбал,

Төв аймгаас Индонез улсын Жог Жакарта мужтай соёлын солилцоог идэвхжүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Жог Жакарта мужаас маркетинг сурталчилгааны эвент зохион байгуулах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Камбож улсын Сием Реап мужийн дэд захирагч H.E Ngov Sengkak нар аймаг, муж хоорондын эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, соёлын солилцоо, залуучуудын хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор маркетинг сурталчилгааны эвент хийх, чартер нислэгтэй болох, бизнес хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.


Уулзалтаар Филиппин Улсын Себү мужтай тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар соёлын солилцоо хийх, Төрийн албан хаагчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийг Англи хэлний хөтөлбөрт хамруулах талаар санал солилцлоо.


Төв аймаг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Куанг Нинх муж хоорондын хоёр талт уулзалтаар соёлын салбарын солилцоог дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг бий болгох, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.


Төв аймгаас Малайз Улсын Саравак муж хоорондын уулзалтаар өв соёлын солилцоог хөгжүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Саравак мужийн Аялал жуулчлал, бүтээлч ажил, тайзны урлагийн сайд YB Dato Sri Abdul Karim Rahman Hamzah тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад анх удаа зочилж байгаа тухайгаа онцлоод, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Япон улсын Тоттори мужийн дэд захирагч Kamei Kazuyoshi тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр талт уулзалт хийлээ. Талууд хоёр орны хооронд хөгжүүлж болох салбаруудын бүхий л талын солилцоог дэмжих, сайжруулах талаар санал солилцсон юм.


Төв аймаг өөрийн орны онцлог байдлаас шалтгаалан аялал жуулчлалын улирал богино байдагтай холбогдуулан дулааны улирлаас бусад үед Тоттори мужид ажиллах хүчин илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Тоттори мужийн зүгээс Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуульд хичээллэдэг байсан “Япон хэлний дугуйлан”-г үргэлжлүүлэн хичээллүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Лаос Улсын Луанг Прабанг мужаас Төв аймгийн байгалийн хадгалалт болон бүлэгт суурилсан аялал жуулчлалын туршлагыг хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Төв аймгийн талаас тогтвортой аялал жуулчлалын хүрээнд соёлын солилцоо хийх, соёл болон өв соёлын ойлголтыг сайжруулах, эдийн засгийн байдлыг идэвхжүүлэх талаар саналаа илэрхийлэв.


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон БНСУ-ын бие даасан Кангвон мужийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Jeong Kwang-Yeol нар албан уулзалт хийв.


Талууд саяхан эхлүүлсэн нислэгийн компанийн захиалгат нислэгийн аяллын багцыг хөгжүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг бий болгох хүрээнд хамтарсан сургалт зохион байгуулах, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

2026 оны Зүүн Азийн Аялал Жуулчлалын Холбоо (EATOF)-ны 19 дэх удаагийн Ерөнхий чуулганыг Филиппин улсын Себү муж зохион байгуулахаар болов. 


Холбоотой мэдээ