Эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Тодруулбал, 2025 оны төсөв болон энэ оны төсвийн тодотголд
тусгуулах нэн шаардлагатай, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, ирэх оны бэлтгэлийн
тухай хэлэлцсэн юм.
Уулзалтад оролцсон удирдлагууд эмнэлгүүдийн барилга хуучирч
муудсан, урсгал засвар хийсэн ч үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байгаа тул их
засвар хийх, шинэ барилга барих, үүнтэй холбоотой газрын асуудлыг шийдэх шаардлагатай
байгааг тодотгожээ. Мөн тоног төхөөрөмжийг шинэчлэх, түргэн тусламжийн машины
парк шинэчлэлт хийх, хүний нөөцийн дутагдлыг арилгахад анхаарах санал хүсэлт
дэвшүүлэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр
эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын асуултад хариулж, яаралтай, хийж
хэрэгжүүлэх боломжтой ажлыг эрэмбэлэн төсөвт тусгах хүрээнд ирэх долоо хоногт
төрөх эмнэлгүүд, Хан-Уул, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд ажиллахаар болсныг
НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.