ЗАВХАН: Баянзүрхийн рашаан ходоод, дотор эрхтний өвчнийг анагаахад тустай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-05 16:48:11

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт байрлах Баянзүрхийн овооны рашаан нь ходоод, дотор эрхтний өвчнүүдийг анагаах шидтэй.


Улаанбаатар хотоос 1100 км, аймгийн төвөөс 188 км, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт далайн түвшнээс дээш 2080 метр өндөрт оршдог. Хүйтэн чанартай рашаан.


Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоодны архаг өвчнийг анагаахад хэрэглэж иржээ.

Рашаан сувилал нь амрагч сувилуулагчдын 24 байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт, тоглоомын талбайтай. Нэг ээлждээ 120 амрагч хүлээн авах боломжтой. Улирлын чанартай 6-9 дүгээр сарын хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж байгалийн аялал, морь, хөсөг тэргээр Улаан, Хунт, Холбоо нуурын үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.


Сувилгааны төрөл үйлчилгээг ардын эмнэлэг зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч нар тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Рашааны эмчилгээнд хамрагдах үйлчлүүлэгчдэдээ зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эм зэрэг уламжлалт эмчилгээгээ хийдэг.


Рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай бөгөөд рашаан уух, шавших, зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг.


Мөн мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдаж эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлжээ.


Баянзүрхийн рашаан хүйтэн чанартай рашаан. Өвөл, зуны ямар ч үед +4 хэм орчим байдаг онцлогтой. Ходоод өвдөх, хоолны шингэц муудах, өтгөн хатах зэрэг ходоод дотортой эрхтэнтэй холбоотой бүх өвчнийг эмчилж анагаахад сайн нөлөө үзүүлж байна.


Рашааны өөр нэг онцгой шинж чанар нь элэгний В, С вирусний идэвхжлийг бууруулж байна. Өвдөг, үе мөч өвддөг хүмүүс шавших, жин тавих зэргээр хэрэглэхэд тустай юм.


Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг. 2014 онд бүх төрлийн нарийвчилсан шинжилгээ хийлгэсэн байна. Шинжилгээний дүгнэлтээр Монгол орны цөөн рашаанд байдаг хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг ховор элементүүд их байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ховор элементүүд нь рашаан оргилж гарч ирсний дараа 3-5 минутын дотор агаарт задраад алга болдог байна.


Ийм учраас рашааны яг дэргэд нь байрлаж шинээр нь ууж хэрэглэх зэргээр эмчилгээ сувилгаанд ашиглах нь үр дүнг илүү нэмэгдүүлдэг. Мөн рашааны эргэн тойронд 30 гаруй төрлийн ховор эмийн ургамал ургадаг. Ер нь нэлээд бөглүү газар учир байгаль орчин нь хүний хөлд талхлагдаагүй онгон дагшнаараа үлдсэн юм.


Рашаанд амрах иргэд 60-100 мянган төгрөгөөр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Харьяа аймаг, сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн хэлтсээс эрхийн бичиг авч хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Баянзүрхийн рашаан амралтын 98184711, 94064466 утсаар холбогдож авах боломжтой. 

Баянзүрхийн рашаан амралт


Амрагчид


Амрагчдын байр


Рашааныг ундны усандаа ч хэрэглэдэг

Холбоотой мэдээ