Б.Очирваань маргааш “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-29 09:15:45

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Английн “Манчестер Юнайтед”-ын премьер лигийн үнэнч фанат Б.Очирваань хэдхэн хоногийн өмнө зорьсон газартаа очиж, мөрөөдлийнхөө цэнгэлдэх хүрээлэнд хөл тавьж, шүтээн хөл бөмбөгчтэйгээ уулзсан.


Түүний аялал өнгөрсөн оны тавдугаар сард эхэлсэн түүхтэй. Улмаар 7 дугаар сард нь “Манчестер Юнайтед”-ын албан ёсны сайтад монгол фанатын аяллын талаарх нийтлэл гарч байв. Энэ бол “Манчестер Юнайтед”-ын нэгэн монгол фанат “Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо “Олд Траффорд” хүртэл дугуйгаар явахыг зорьж байна..." хэмээн онцолсон нийтлэл юм. Тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн алдарт тоглогч Рүүнитэй биечлэн уулзсан. Мөн “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглох урилга авчээ.


Энэ тухайгаа цахим хуудастаа “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Зургаан цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100 хувь биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр “Олд Траффорд”-д хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Постоос хойш гурван цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь “Манчестер Юнайтед”-аас холбогдож байна гэсэн мессеж байв.

-Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

-Тийм ээ, би маш их хүсэж байна.

-Пүрэв гарагт “Олд Траффорд”-д болох шоу тоглолтод урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо” гэжээ.



Тэр маргааш “Олд Траффорд”-д тоглож, насан туршийн мөрөөдлөө биелүүлнэ



Холбоотой мэдээ