Парисын автомашины үзэсгэлэнд Азийн брэндүүд өнгөлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-10-03 13:46:44

ПАРИС. /Nikkei/. 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийсэн хоёр жил тутамд болдог дэлхийн хамгийн том үзэсгэлэн гэгддэг Парисын автомашины үзэсгэлэнд Азийн автомашин үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд хамгийн шилдэг үзмэрүүд болж  байна.

Цахилгаанаар ажилладаг автомашины ангилалд ”Toyota Motor”, “Mitsubishi Motors”, “Hyundai Motor”, “Kia Motors”, “Honda Motor”, “Lexus”, “Suzuki Motor” зэрэг томоохон компаниуд загваруудаа танилцуулж байна.

“Toyota” компанийн хувьд өнгөрсөн онд Токиод болсон авто үзэсгэлэн дээр танилцуулсан “FCV Plus” устөрөгчийн түлшээр ажилладаг автомашинаа толилуулж байгаагаас гадна “С-HR” гэдэг шинэ жижиг тэргийг үзүүлэнд тавьжээ.

Японы автомашин үйлдвэрлэгчийн чамин, гайхалтай загвар бүхий цахилгаан автомашин болох “GLM G4”-ыг анх удаа дэлхийд танилцуулж байгаа бөгөөд уг машин нь 16 өдрийн турш анхаарлын төвд байх төлөвтэй байна.

Киото хотод төвтэй “GLM” компани нь дөрвөн хүний суудалтай “G4”-ийг зохион бүтээхдээ Голландын “Savage Rivale” гэдэг загварын компанитай хамтран ажиллажээ. Уг машины гадаад хэлбэр болон үзүүлэлтийг харвал, дэлхий даяар цахилгаан тээврийн хэрэгслийн стандартыг бий болгосон гэгддэг АНУ-ын “Tesla” загварын автомашинтай өрсөлдөж чадах япон загвар гэж хэлж болохоор байна.

Хос цахилгаан хөдөлгүүртэй “G4” нь 3.7 секундэд 100 км/цаг-ийн хурд авах бөгөөд хамгийн дээд хурд нь 250 км/цаг аж. Уг машиныг 400 км зам туулсны дараа дахин цэнэглэх ёстой юм. 

Парисын “Porte-де-Versailles” үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх уг автомашины үзэсгэлэнг 1.2 сая гаруй хүмүүс үзнэ гэж таамаглаж байна.  

Үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүс цахилгаан болон хос хөдөлгүүртэй автомашиныг  жолоодож үзэх боломжтой. Хэрвээ автоспортын үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл Формула-1, ралли, бартаат, дрифт, картинг болон толгод өөд өгсдөг машин гээд янз бүрийн тээврийн хэрэгслүүдийг дэлгэн  тавьсан байна.

Парисын үзэсгэлэнд 19 орны 230 брэнд оролцож байгаа нь 2014 оныхтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм.

Уг үзэсгэлэнд цахилгаанаар ажилладаг машинаас эхлээд “city car” гэдэг хоёр хүний суудалтай жижиг тэрэг, элсэн дээгүүр явдаг машин, “Mercedes Benz”-ийн тансаг зэрэглэлийн лимузин болон “Ferrari”, “Porsche”, “Maserati”-гийн асар өндөр үнэтэй спорт загварын машинууд гээд үзэх зүйл маш олон байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ