Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан гурван өдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-01 12:05:05

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд өнөөдрөөс эхлэн гурван өдөр дараалан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болно.


Тодруулбал, өнөөдөр 15:00 цагаас “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан эхэлнэ. Тус барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр тэргүүтэй улсын цолтой 32 бөхөөр манлайлуулсан 128 хүчтэн зодоглоно. Супер азтан суудлын автомашинтай, гурван үзэгч Бөхийн өргөөнд бүтэн жил бөх үзэх эрхтэй гэртээ харина.


Тэгвэл маргааш Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох юм.


Харин энэ сарын 3-нд буюу ням гарагт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах ажээ. Д.Багахүүгийн хувьд, 1983 онд Ардын хувьсгалын 62 жилийн ойгоор улсын хүчит арслан Г.Дэмүүлээр тав давж улсын начин цол хүртэж байв. Тэрбээр Өмнөговь аймгийнхаа наадамд нэг түрүүлж, зургаан удаа үзүүрлэсэн байна. 

Холбоотой мэдээ