Монголын хөлбөмбөгийн шигшээ Азербайжан, Танзанийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өөр өөр бүс, холбооны шигшээ багуудыг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой FIFA Series нөхөрсөг цуврал тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Тоглолтууд нэг оронд явагдах бөгөөд дөрвөн өөр тивийн баг тоглох юм. Ирэх гуравдугаар сард эхлэх тус шинэ төслийн тоглолтуудыг Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри-Ланк улс хүлээн авна. Төсөл 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жил туршилтын тоглолтууд явагдах юм. Тоглолт гуравдугаар сарын 18-26-нд болно.
Алжир: Алжир, Андорра, Боливи, ӨАБНУ
Азербайжан: Азербайжан, Болгар, Монгол, Танзани
Саудын Араб А: Кабо-Верде, Камбож, Экватор Гвиней,
Гайана
Саудын Араб B: Бермуд, Бруней, Гвиней, Вануату
Шри-Ланк: Бутан, ТАБНУ, Папуа – Шинэ Гвиней, Шри-Ланк
ФИФА-гийн төлөөлөгч Эльхан Мамедов “Зарим орон өөр тивийн багтай тоглож огт үзээгүй байдаг. Манай төслөөр тэд огт өөр арга барилтай, өөр тивийн багтай өрсөлдөж, туршлага хуримтлуулах боломжтой болно. Энэ удаад 20 шигшээ баг төсөлд оролцож байна. 2026 оноос эхлэн манай цуврал тэмцээн тэгш он болгонд зохиогдох бөгөөд хүчирхэг шилдэг шигшээ багуудыг урихаар хэлэлцээ хийж байна” гэжээ.
Монголын баг ирэх сарын 22-нд дэлхийн чансааны 123-д эрэмбэтэй Азербайжантай, 25-нд 130-д эрэмбэтэй Танзанийн шигшээ багтай тоглоно. Монголын хөлбөмбөгчид өмнө нь өөр тивийн багаас Африкийн Маврики, Европын Гүржийн шигшээтэй тоглож байсан билээ.