Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жилээр 2024 оныг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. ЗТХЯ 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.
Энэ хүрээнд 160 гаруй үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа, онгоцоор 2.2 сая зорчигч тээвэрлэж, АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэх юм. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлнэ. Ингэхдээ агаарын хөлгийн тоог 4-өөр нэмж, хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулахыг зорьж байна.
Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж,
Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр
замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт - Ганцмод, Бичигт - Зүүнбаян боомтын
хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа
тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтуудаас ачаа
тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Хавирга,
Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж,
зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулах юм. Авто замын салбарт,
долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, 1100 км, үүнээс
802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахыг ЗТХЯ мэдээллээ.