“Нэгдсэн Орос” нам Төрийн Думд олонх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-09-19 10:21:00

МОСКВА./TASS/. ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн санал хураалт ням гарагт болж өнгөрлөө. Нийт саналын хуудасны 40 орчим хувийг тоолсны дараах байдлаар “Нэгдсэн Орос” нам 52,82 хувийн санал авснаар намын жагсаалтаар 135 суудал авах нь тодорхой болж байна.

Мөн урьдчилсан дүнгээр Либерал-Ардчилсан нам 14,29 хувь, ОХУ-ын Коммунист нам 14,27 хувийн санал авснаар парламентад тус бүр 37 суудалтай болох төлөвтэй байна. “Шударга Орос” нам одоогийн байдлаар 6,24 хувийн санал аваад байгаа бөгөөд ингэснээр намын жагсаалтаар 16 суудал авах боломжтой юм.

Харин сонгуульд оролцож буй бусад 14 намын аль нь ч 5 хувийн босгыг давж чадаагүй байна.

Урьдчилан таамаглаж байгаагаар, “Нэгдсэн Орос” нам нэг мандаттай тойргуудаас болон намын жагсаалтаар сонгогдох депутатуудыг оролцуулаад Төрийн Думд нийт 203 суудал авч, олонх болох нь тодорхой болжээ.

Хамгийн сүүлд Сонгуулийн Төв комиссоос өгсөн мэдээллээр, Коммунист нам 7 тойрогт, “Шударга Орос” нам 6 тойрогт, Либерал-Ардчилсан нам 5 тойрогт саналын тоогоор тэргүүлж байна.

ОХУ-ын Төрийн Думын ээлжит сонгууль холимог тогтолцоогоор өнгөрсөн ням гарагт болсон бөгөөд 225 депутатыг намын жагсаалтаар, 225 депутатыг нэг мандаттай тойргуудаас сонгох юм. Энэ өдөр тус улсын 39 бүс нутагт орон нутгийн хурлын сонгууль, холбооны 7 субъектэд удирдах дээд албан тушаалтнуудыг шууд сонгох сонгууль боллоо.

Б.Адъяахүү 

 

 

 

Холбоотой мэдээ