БАЯН-ӨЛГИЙ: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-18 15:57:35

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар хамтран "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн худалдааг Өлгий хотын төв талбайд өнөөдөр зохион байгуулж байна.


Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн бүх сумаас газар тариалан эрхлэгчид, гар урлал, сүү,  оёдол, хатгамал, бэлэг дурсгал, талх, нарийн боовны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон малчид оролцож, өөрсдийн тарьсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.


"Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 1390 га-д тариалалт хийсэн. Тариалсан талбайн хэмжээгээр тооцоход 6800-7000 тонн ургац хураан авах төлөвлөгөө гаргаж, аймгийн Засаг даргын захирамжаар батлан сумдад хүргүүлсэн. Гэхдээ энэ жил нөхцөл байдал нэлээн хүндрэлтэй байлаа. Хавар тариалалт хийсний дараа голын усны түвшин нэмэгдсэнээс 30-40 га тариалангийн талбайн ургацыг алдсан. Мөн Алтанцөгц сум, Ногооннуур сумын Ховд баг, Баяннуур сумын зарим тариаланчид зэрлэг гахайд ургацаа идүүлсэн асуудал байгаа. Үүнээс болж төлөвлөгөөгөө бүрэн биелэх боломжгүй болсон. Ургацын урьдчилсан балансаас харахад аймгийн төмсний хэрэгцээний 90, хүнсний ногооны 17-18 хувийг дотооддоо хангах боломж харагдаж байна. Аймгийн хэмжээнд ургац хураах ажил хараахан бүрэн дуусаагүй байгаа" хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан хэлэв.


Баян-Өлгий аймгийн ногоочид жил бүр "Намрын ногоон өдрүүд" нэртэйгээр ургацын баяраа тэмдэглэж, хураасан ургацаа иргэдэд шууд борлуулдаг байсан. Харин энэ жил тус үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.


Үзэсгэлэн худалдаа Өлгий хотын төв талбайд үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ