СЭЛЭНГЭ: Тосгодын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-16 02:21:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ хэд хэдэн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг буюу Бугант тосгоны захирагч Д.Эрдэнэбулган Засгийн газрын тэргүүнд хандаж 2 хүсэлтийг тавьсан юм.

Тэрбээр:

-“Би Бугант тосгоныхоо 3000 гаруй иргэнийхээ санал хүсэлтийг Ерөнхий сайдад дамжуулахаар ирлээ. Манай тосгон 900 гаруй өрхтэй, манай тосгоны хамгийн том тулгамдсан асуудал бол сумын төвөөсөө Бугант тосгон хүртэлх 75 км шороон замын асуудал байгаа. Өнөөдөр хүртэл энэ замын асуудал шийдэгдэхгүй байгаагаас хүний эрүүл мэндийн болоод төрийн үйлчилгээ түргэн шуурхай иргэдэд хүрэхгүй, сумын төв хүртэл 2-3 цаг явдаг.


Өнөөдөр гэхэд би 7.00 цагт Тосгоноосоо гарсан. Өнгөрсөн 2 өдөр бороо орсны улмаас 13.00 цагт аймагтаа ирлээ.


Ийм хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг тэнд амьдарч байгаа 3000 иргэн үүрч байна. Ийм учраас Бугант тосгоны замын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.

 

Мөн Сэлэнгэ аймаг 17 сум, 6 тосгонтой. Энд нийтдээ 20 гаруй мянган хүн амьдардаг. Эдгээр иргэдийнхээ өмнөөс хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар оруулж хэлэлцүүлж өгөөч гэж хүсэж байна. Үүнийг 6 тосгоны 20 гаруй мянган иргэн хүсэж байгаа. Манай Бугант тосгон 2017 оноос хойш сум болох хүсэлтээ багийн иргэдээсээ хуулийн хүрээнд бүх материалаа бүрдүүлээд 2019 онд аймгийн Засаг даргын албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүлсэн.


Гэтэл өнөөдөр 2023 он болж байна, хариу ирээгүй. Бугант тосгоны 3000 иргэн гаргасан саналынхаа хариуг Засгийн газраас хүсэж байна. Энэ асуудлыг шийдвэрлээд өгөх юм бол Бугант тосгон маань сумын статустай, эдийн засаг нь тодорхой хэмжээгээр цаашид хөгжөөд, иргэд төрийн үйлчилгээг орон нутгаасаа 100 хувь аваад явах боломж бүрдэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг танаас хүсэж байна” хэмээв.

Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ: Миний ажлын гараа тосгоноос эхэлж байсан. Ийм болохоор би тосгодын хувь заяаг сайн мэднэ. Иймээс тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийн асуудлыг намрын чуулганаар оруулаад бараг шийдчих байх. Бүх тосгоны захирагч нарыг дуудаж, Улаанбаатар хотод уулзъя.


Тосгодын эрх зүйн байдлын тухай хууль дээр аминчилж яръя. Тосгоны захирагчийн албаны Тамгын газрын даргаар ажиллаж байсны хувьд та нарыг маш сайн ойлгож сонсъё.


Мөн өнөөдөр тосгоны захирагч маань энэ асуудлыг тавьсан учраас Бугант тосгоноос Ерөө сум хүртэлх 75 км шороон замыг асфальтан зам болгох асуудлыг тосгодын ирээдүйн төлөө 2024 оны төсөвт оруулж, шийдэж өгье” гэлээ.

Холбоотой мэдээ