АРХАНГАЙ: Байлдааны ажиллагаатай машинуудын үзэсгэлэн гарч байна

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-09-15 18:19:57
/011 дүгээр ангид угсарсан машинууд/

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 011 дүгээр анги буюу засварын ангид угсарсан Мазаалай, Чоно зэрэг бүлгийн ажиллагаанд зориулсан байлдааны ажиллагаатай машинуудын үзэсгэлэн гарч байна. Нийт 12 төрлийн машинаас дөрвийг нь ийнхүү Монголд угсарсан бол бусад нь ОХУ, Герман, АНУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн машин техникүүд байна.


Машинууд нь энгийн хамгаалалттай болон хагас, бүтэн хуягласан, 5-18 тн жинтэй байлдааны ажиллагаатай аж.


Энэ дунд агаарын болон газрын тагнуул хийх онгоц хөөргөх зориулалттай машинаас гадна 50-100 хүний хоолыг хийх хүчин чадал бүхий бүрэн тоноглолтой, өөрөөсөө цахилгаан эрчим хүч гаргадаг явуулын гал тогоотой машин багтсан байлаа. Харин бусад машин нь байлдааны зориулалттай ажээ.




Үзэсгэлэнг иргэд ялангуяа хүүхэд багачууд маш их сонирхож, дотор нь сууж, дээр нь гарч үзэн, ямар ажиллагаатай, юунд зориулсан, хаана хийсэн гэх зэргээр машин, тоноглол бүрийг ээлж дараалан асууж, тайлбарлагчийг завгүй болгож харагдлаа.



/011 дүгээр ангид угсарсан машин/


Энэ мэт батлан хамгаалахын хууль тогтоомж, ашиглаж буй зэвсэг, техник, тоног төхөөрөмж зэргийг танилцуулах ажлыг жил бүр зохион байгуулж байгаасай гэсэн иргэдийн чин хүслийн яриа үзэсгэлэнгийн эргэн тойронд өрнөж байв. 




                                                                                                                                          /011 дүгээр ангид угсарсан машин/