НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцогчид И.Каримовын дурсгалыг хүндэтгэлээ

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-09-17 18:52:43

НҮБ./TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцогчид Узбекистан улсын анхны Ерөнхийлөгч асан Ислам Каримовын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогслоо.

Чуулганы индрээс Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы дарга Питер Томсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар болон улс орнуудын төлөөлөгчид үг хэлжээ.

Бан Ги Мүн хэлэхдээ “Каримовын бий болгосон томоохон ололт амжилтуудын нэг бол 2009 онд Төв Азид цөмийн зэвсгээс ангид бүсийг байгуулсан явдал юм” гээд “шинэчлэл хийх, ардчилсан институцийг бий болгоход нь НҮБ-ын зүгээс Узбекистанд туслахад бэлэн байна” гэж онцлон тэмдэглэжээ. 

НҮБ-д суугаа Казахстаны байнгын төлөөлөгч Кайрат Абдрахманов хэлэхдээ “Узбекистаны анхны ерөнхийлөгч тэрбээр маш зарчимч шударга хүн байсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах чиг шугамыг тууштай баримталдаг байсан” гэлээ.

Дорнод Европын орнуудыг төлөөлөн Эстони улсын төлөөлөгч хэлсэн үгэндээ “Каримовын удирдлагын дор Узбекистан улс олон улсын харилцааг өргөжүүлэх, Төв Азид тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого явуулж байсан” гэдгийг дурдав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааныг тус байгууллагын цахим хуудсаар шууд дамжуулаагүй аж. Хүний эрхийг хамгаалах Human Rigths Watch байгууллагынхан хуралдааныг явуулахад саад учруулж, улс орнуудын төлөөлөгчдийг түүнд оролцохгүй байхыг уриалж байжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ