ГОВЬ-АЛТАЙ: 480 гаруй тариаланч 1285 га талбайд тариалалт хийжээ
ФОТО МЭДЭЭТус аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд тайлагнахаар "Ургацын баяр"-аа хийв.
Энэхүү үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт хангах хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.
"Газар тариалан, жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд 2020 оноос газар тариаланг хөгжүүлэх зорилгоор услалтын системийг сэргээн засварлах, тариаланчдыг техник, тоног төхөөрөмж, үрээр хангах ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Энэ жилийн хувьд шинэ сортуудыг орон нутагтаа нутагшуулан, нэр төрлөө нэмэгдүүлэн тариалалт хийж амжилттай ажиллаж байгаа тухай Говь-Алтай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
"Газар тариалан, жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд алим, жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгох зорилт тавин ажиллаж байна.