ЗАВХАН: Авто замд соёлтой зорчихыг байнга сануулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-03 17:14:56

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт “Нэг зам-нэг соёл” үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар 450 гаруй хүнд нөлөөллийн ажлыг хийжээ.


Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 30 -ны өдөр “Нэг зам-нэг соёл” аяныг орон даяар нэгэн зэрэг нээж эхлүүлсэн. 

Аяныг зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх. Хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх. Зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж эхэлсэн.


“Нэг зам-нэг соёл” аян нь зургаадугаар сарын 30-аас наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.  

Энэхүү аянд онцгой ач холбогдол өгч, аялагч, зорчигчид, жолооч нарт өгөх нөлөөллийн ажлыг замын цагдаагийн алба хаагчид өдөр бүр өгч байна. Учир нь түүхэн 100 жилийн ой тохиож байгаатай холбоотой тус аймгийг зорин ирэх аялагчдын тоо нэмэгдсэн байна. Өдөртөө аймгийн төврүү зорчиж буй автомашины тоо энгийн үеэс хоёр дахин нэмэгджээ.


Зуны улиралд аялал зугаалгаар орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан орон нутагт гарч буй зам тээврийн осол ихэсдэг.

Тиймээс нөлөөллийн ажлыг эрчимтэй хийх, авто зам дээрх эргүүл, хяналт шалгалтыг бид тогтмолжуулсан. Мөн жолооч нарт аяллын замд бүсээ заавал зүүж явах, ялангуяа бүх зорчигчийг хамгаалалтын бүсийг тогтмол зүүхийг шаардана. Автомашины хурдыг зам дээр байнга хэмжиж хурдаа тохируулж явахыг сануулна.



Жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд соёлтой оролцохыг гэрэлт самбар болон хөдөлгөөнт эргүүлүүдээр дамжуулан сануулж, нөлөөллийн ажлыг эрчимтэй хийж байна.


Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, “Хурд хэтрүүлэх”, “Хамгаалах бүс”, “Гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах”, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэх, энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарах юм. 



Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг хамгаалах зорилгоор “Яараад яахав дээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг ухуулга, нөлөөллийн аян, үйл ажиллагааг сүүлийн дөрвөн жилийн турш зохион байгуулсан. 

Эдгээр аяныг зохион байгуулснаар тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо -8.1 ээс -50.8 хүртэл хувиар буурсан гэх үзүүлэлт бий. 


Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас энэ жил “Нэг зам-Нэг соёл” аяныг эхлүүллээ гэж Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ