Б.Бадарч: Монгол орныг яруу сайхан дүрсэлсэн гайхамшигтай бүтээлүүдийг сонсгосон гэж бидэнд баяр хүргэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-09 17:41:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Осака хотод тавдугаар сард болсон олон улсын мэргэжлийн цөөхүүл хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсон СУИС-ийн багш нарын үндэсний хөгжмийн “Тэнгэр аялгуу” хамтлаг эх орондоо ирлээ.


Тус хамтлаг “Osaka International Chamber Music Competition & Festa” уралдаанд Гран при болон “Menuhin Gold Prize”, “Folkloric Music Special Award”, “Online audience Award” шагналыг тус тус хүртэж, 2025 онд Япон Улсад "Menuhin Gold Prize tour" аялан тоглолт хийх эрхийн эзэд болсон юм.

Тус хамтлагийнхныг СУИС-ийн удирдлага, хамт олон баяр хүргэж угтан авлаа. Энэ үеэр хамтлагийн ахлагч Б.Бадарчаас уран бүтээл, уралдаан, аялан тоглолтынх нь талаар тодруулав.


-Та бүхэн сая олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Шинэ хөгжмийн зэмсгээ танилцуулсан гэж сонслоо?

-Шинэ он гаргаад бэлтгэлдээ орж, сүүлийн гурван сар эрчимтэй бэлдэж байгаад, тавдугаар сарын 10-нд уралдаандаа оролцсон. Уралдаанд оролцохоор явж буй хүн бүр амжилт гаргахыг хүснэ. Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, тэр дундаа ардын дуу, өөрсдийн бүтээлийг тоглосон.

Сүүлийн жилүүдэд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хүрээнд хийсэн хөгжмийн зэмсгээр тогловол онцгой байх гэж тооцоолсон маань амжилтад хүрсэн. Манай хөгжимчин Н.Жүрмэддоржийн үхрийн эврээр урласан бүрээ, мөн манай сургуулийн төслийн хүрээнд хийсэн хурган чих гэдэг хөгжмөө авч явсан.  Түүнээс гадна төмөр хуураас эхлэн боломжит бүх хөгжмийг л ашигласан.


-Олон улсад манай хөгжмийн бүтээлийг ямар онцлогтой гэж хүлээж авдаг вэ?

-Дүгнэлтийн хувьд сайн байсан. Ялангуяа Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл маш гэгээлэг сонсогдож байна гэсэн. Бид олон улсын мундаг хөгжимчдийн өмнө тоглохдоо Монголынхоо алтан үеийнхний хөгжмийн бүтээлийг олон улсын тавцанд сонсгохын тулд айдсаа мартсан. Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдог, Ц.Нацагдорж нарын бүтээл үнэхээр гайхамшигтай шүү дээ. Тухайн үеийнхний амьдарч байсан нийгэм, сэтгэл санаа ямар сайхан байсныг зохиол бүтээлдээ тусгаж үлдээсэн юм болов уу. Биднийг бусад орныхноос ялгарахуйц, Монгол орныг яруу сайхан дүрсэлсэн гайхамшигтай бүтээлүүдийг сонсгосон гэж ярьж байсан.


-Өмнө нь олон улсын хэмжээний ямар тэмцээнд орж, ямар амжилт үзүүлж байв?

-2006 онд Токиод Ардын хөгжмийн Азийн шилдэг хамтлаг болж байсан. Мөн тус тусдаа олон тэмцээн уралдаанд оролцсон. 


-Хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулна уу. Уран сандаа хэчнээн бүтээлтэй байна вэ?

-Хамтлагийн бүрэлдэхүүнд маань СУИС-ийн магистр, докторын албаны дарга, лимбэчин Ц.Цэвэгсүрэн, СУИС-ийн багш, эвэр бүрээчин Н.Жүрмэддорж, Үндэсний урлагийн их театрын их хуурч Э.Мөнх-Эрдэнэ, СУИС-ийн багш, морин хуурч  П.Тэмүүжин нар тус тус тоглодог. Урын санд маань арвин их уран бүтээл бий. Үндэсний урлаг болон бүх урсгал чиглэлээр мэргэжлийн түвшинд хөгжимдөхийг зорьдог.





Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд