“Хүн” театрын тайзнаа “Говийн цэцэг” ургав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-07 16:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүжигчин Г.Бурмаа “Говийн цэцэг” тоглолтоо “Хүн" театрын тайзнаа энэ сарын 1-нд толилууллаа.


Уран бүтээлийн гараагаа үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгаас эхэлж, бүжгийн урлагаар Монгол, Японы соёлыг холбох гүүр болсоор ирсэн тэрбээр энэ оны нэгдүгээр сард Японы үзэгчдэд тус тоглолтоо толилуулсан юм. 


Тус тоглолтын найруулагч, бүжиг дэглээчээр МУГЖ, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш Д.Энхгэрэл ажиллажээ. Говийнхны байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа дадал нь хангай газрынхнаас эрс ялгаатай. Энэ бүх онцлогийг бэлхнээ харуулах өв тээгч Р.Хандсүрэн, Т.Шануу, Ч.Шинэбаяр нарын урын санг гоцлол бүжигчин Г.Бурмаагийн шинэхэн уран бүтээлүүдтэй хамтатган, найруулан тавьсан байна. 

 

Тоглолтод бүжигчин Г.Бурмаагийн багш Ч.Шинэбаяр уран бүтээлээрээ оролцсоноороо онцлогтой. Мөн боржигон уртын дууны өв соёлыг өвлөн уламжлагч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Р.Хандсүрэн, Т.Шануу нарын ихэр авьяастнууд малын уриа дуудлага болон өөрсдийн бүтээн туурвисан бүтээлүүдээсээ дээжлэн толилуулав.


Тоглолтын үеэр бүжигчин Г.Бурмааг Монгол, Японы соёлын харилцаанд хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй зүтгэж байгааг нь үнэлэн Соёлын яамнаас МУСТА цол тэмдгээр шагнав. Түүний хичээнгүй үйл хэргийг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Ардын дипломатч” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. 


Ташрамд тэмдэглэхэд, Япон улсад ажиллаж, амьдарч буй тэрбээр Японы цэцгийн, цайны, бүжгийн урлагийг зэрэг эзэмшжээ.

А.Мичидмаа






Холбоотой мэдээ