“Цусаа бэлэглэх өдөр” 99 дэх удаагийн үйл ажиллагаа боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-06-02 15:20:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн лхагва гарагт “Цусаа бэлэглэх өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаагийн арга хэмжээг тус төв Монголын үнэртэй усанд дурлагсдын клубийн хамт олонтой хамтарч 99 дэх удаагаа өнөөдөр явууллаа.


Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Маркетингийн албаны дарга Ч.Батболд нээлтийн үеэр хэлэхдээ “Өнөөдөр зохион байгуулж буй 99 дэх удаагийн үйл ажиллагаатай зэрэгцэн Монгол Улсад Цусны алба үүссэний 60 жилийн ой тохиож байна. Бид ойн хүрээндээ олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь уг үйл ажиллагаа юм. ДЭМБ-аас нийт цус цуглуулалтын 60-аас дээш хувийг тухайн голомтоос цуглуулах нь эрүүл, аюулгүй гэж зөвлөдөг. Тиймээс бид доноруудаа алдаршуулах замаар байнгын донорын тоог нэмэгдүүлэхийг чухалчихдаг. Энэ хүрээндээ байнгын доноруудаасаа цус сэлбэлтийг хийж ирсэн. Статистик үзүүлэлтээс харахад, 2021 оны таван сарын цус цуглуулалтыг энэ оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар, өнгөрсөн оны таван сарынхыг энэ оны мөн үетэй жишихэд 3 хувиар өссөн байна. Цаашид цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ тогтмол өсөх хандлагатай буй. Бид хэдийгээр өндөр хөгжсөн техник технологийн зуунд амьдарч байгаа ч дэлхийн аль ч улс оронд цусыг орлуулах бүтээгдэхүүнийг хараахан үйлдвэрлэж чадаагүй. Тиймээс бусдын төлөө гэсэн хүнлэг, энэрэнгүй доноруудынхаа ачаар олон хүний амь насыг аврах үйл ажиллагааг тогтмол явуулсаар байна” хэмээлээ. 


Энэ үеэр 100 удаа цусаа бэлэглэсэн О.Зоригтод “Мөнгөн донор”, 70 удаа цусаа бэлэглэсэн М.Мөнхцэцэг, Э.Мягмардорж нарт “Хүрэл донор” цолыг тус тус хүртээв. Цус сэлбэлт өдрийн үйл ажиллагааг 2015 оноос хойш дээрх хоёр байгууллага  хамтран зохион байгуулж хэвшсэн аж.

А.Мичидмаа

Холбоотой мэдээ