ЗАВХАН: Хөдөөгийн 15 багийн эмчийг унаагаар хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг хөдөөгийн багийн эмч нарыг
унаажуулах ажлыг 2020 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна.
Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны
тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, цаг алдалгүй түргэн шуурхай
үзүүлэх зорилтыг тавьж, ажил хэрэг болгож байна.
Энэ зорилтын хүрээнд хөдөөгийн багийн эмч нарыг шат дараатайгаар унаажуулж байна. Тухайлбал, 2022 онд 10 сумын 10 багийн эмчид 30,0 сая төгрөгийн мотоцикл олгосон бол энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн 17,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван сумын багийн эмчийг унаажууллаа.
Тодруулбал, Яруу сумын Жаргалант баг, Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг Их-Уул сумын Хуягт, Сантмаргаз сумын Баян Улаан баг, Тэс
сумын Нисэг багийн эмч нарыг унаажуулахаар шийдвэрлэсэн. Ингээд сонгогдсон
сумын багийн эмч нарын унааг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Засаг даргын
Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд нар өнөөдөр
гардуулан өглөө.
Малчид, алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг “Эрүүл мэндийн анхан шатны нэгж” бол сум, өрхийн эрүүл мэндийн төв, тэр дундаа хөдөөгийн багийн эмч нар юм. Завхан аймаг 114 багтай, эдгээрээс хөдөөгийн 84 баг бий.
Тиймээс эдгээр алслагдсан
багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, тэгш үзүүлэхийн
тулд хамгийн түрүүнд багийн эмч нарыг унаажуулах. Тэдний ажиллах нөхцөл боломжийг
нь сайжруулах, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлэх, багийн эмч нарыг
чадавхжуулах, багийн эмчийн тоог нэмэх гэхчлэн олон талын асуудлыг шат
дараатай шийдвэрлэхийг зорьж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
“Багийн эмч бол малчны хотонд шуурхай очиж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд хүргэх ажлыг хийж байгаа чухал хүн. Эмч нар маань иргэдийг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчин хүндэрч амь нас эрсдэхээс нь өмнө тусламж үзүүлэх ажлыг хүртээмжтэй, иргэн бүрд хүрч үйлчлэхийн төлөө хичээн ажилладаг. Гэсэн хэдий ч тэдэнд маань тулгамддаг олон асуудал бий.
Манай зарим багийн эмч нар өвлийн улиралд хамгийн холдоо 100 гаруй
км замыг туулан малчны гэрт очиход эмийн хадгалалт, хамгаалалт алдагдах, эм
тариа хөлдсөн байх тохиолдол ч байдаг. Энэ мэтчлэн хөдөөгийн багийн эмч нарт зориулалтын
цүнх, эмийн бүрэн бүтэн байдлыг хадгалах сав, унаа тeхникийн эвдрэл гэмтэл
үүсэх, шатахуун дутагдах гэх мэт олон асуудал тулгардаг. Эдгээр асуудлуудаас шат дараатай шийдвэрлэх боломжийг олгож, багийн эмчийн
ажиллах нөхцөлийг сайжруулах, унаажуулах ажлыг ажил хэрэг болгож
байгаад талархаж байна" гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.