АНУ-ын МСҮТ болон их, дээд сургуулиудтай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-31 11:52:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Америк улс боловсрол, шинжлэх ухааны салбарт, тэр дундаа дээд боловсролын чиглэлээр өргөн хамтын ажиллагаатай.

Өнгөрсөн хугацаанд Фулбрайтын тэтгэлэгт хамрагдагчдыг зээлийн барьцаагүй явуулдаг болсон нь бидний хувьд нэг алхам урагшилж, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр суралцагчдын оролцоо, идэвх ихэссэн.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Жорж Мейсон, Миссури, Флоридагийн болон Мичиганы их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсад айлчлах үеэрээ тус улсын 6 сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж оюутан сургахаар болсон. Энэ зарчмаар АНУ-ын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон их, дээд сургуулиудтай хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

БШУЯ, АНУ-ын Номхон далайн Командлал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай улсад 50 хүүхдийн багтаамжтай эрчим хүчний хэмнэлттэй 6 цэцэрлэгийг 2017 оноос үе шаттай барьж хүлээлгэн өгөөд байгаа.

 

Хоёр орны хувьд шинжлэх ухааны салбарт “Монгол Улсад чичирхийллийн хяналтын станц байгуулж ажиллуулах тухай” АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын санамж бичгийг анх 2000 онд, дараа нь 2012 онд шинэчлэн байгуулсан.

Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт ихээхэн ач холбогдол өгч, Шинжлэх ухааны кластер төвийг байгуулж байгаа. Шинжлэх ухааны паркийн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд АНУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах, техникийн хамтын ажиллагааны туслалцаа авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

 

Түүнчлэн Харвардын их сургуульд Монгол судлалыг дэмжих зорилгоор 70 000 ам.долларыг Зүүн Азийн хэл, иргэншлийн тэнхимд дэмжлэг болгон олгосон. Улмаар Монгол судлалыг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцаж буй ирээдүйн манлайлагчдад сурталчлах, таниулах ач холбогдолтой гэж үзэж байна. Цаашид Монгол судлалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлст хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.



Холбоотой мэдээ