Ерөнхий прокуророос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-27 14:38:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны дараагаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн эсэх талаар тодруулав.


Эл асуултад Д.Тогтохсүрэн дарга "УИХ-ын даргын нэр дээр Ерөнхий прокуророос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай гэсэн санал ирсэн. УИХ-д Ерөнхий прокуророос санал ирснээс хойш тав хоногийн хугацаанд багтаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх заалттай. Иймд энэ долоо хоногт буюу хуулийн хугацаанд багтаж эл асуудлыг УИХ шийдвэрлэнэ. Гэхдээ бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээгүй. Лхагва юм уу, пүрэв гарагт хуралдаж шийдвэрээ гаргана. УИХ эл асуудлыг хэлэлцдэг тодорхой дэгтэй. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэр гаргасны дараа бүлэг тус асуудлыг хэлэлцэнэ” гэсэн тайлбарыг өглөө. 


Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх нь саад болж байгаа хэмээн үзэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа билээ. 

Холбоотой мэдээ