ӨВӨРХАНГАЙ: Цасан шуургатай өдрүүдэд гурван дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-23 18:38:42

Арвайхээр /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурлаа. Энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд нийт нутгаар 0-8 мм цас орж, 18-20, зарим үед 24 м/с хүчтэй шууран агаарын температур шөнөдөө -15, өдөртөө -12 хүрсэн юм.


Эдгээр өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газарт цасанд суусан, гэр нурсан, хүн сураггүй болсон гэх гурван дуудлага иржээ. Тодруулбал, Хархорин сумын Хавцалын адаг гэх газар Ланд круйзер автомашинтай зорчигч жалга руу орж, цасанд суусныг Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид дуудлагаар очиж тусламж үзүүлсэн байна.


Мөн Богд сумын Гүн-Ус багийн малчин Э-ийн таван ханатай гэр нурсан гэх дуудлагын дагуу сумын ЗДТГ-ын албан хаагчид тусламж үзүүлсэн бол Арвайхээр сумын иргэн Б гэрээсээ гарч, сураггүй алга болсон гэх дуудлагаар аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын болон Цагдаагийн газрын алба хаагчид очиж ажилласан бөгөөд ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ. 


"Өвөрхангай АЗЗА" ТӨХК-иас дээрх өдрүүдэд замын үзлэг хяналтыг хийж, зорчигч иргэдэд сэрэмжлүүлгийг хүргэсэн бөгөөд улсын чанартай авто зам дээрх цасыг түрж, зорчих хэсгийг саадгүй болгосон байна.

Холбоотой мэдээ