Монгол Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-23 13:13:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. FIFA DAYS буюу ОУХБХ-ны өдрүүдээр Монголын Үндэсний шигшээ баг Европ тивийг зорьж ОУХБХ-ны чансааны 78-р байранд бичигдэж байгаа Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон. Батуми хотод 3-р сарын 25-нд болох уг тоглолт Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхлэх юм.

 

Манай Үндэсний шигшээ багийн хувьд ОУХБХ-ны чансааны 183-р байрт бичигдэж байгаа. Тиймээс анх удаа Европ тивийн чансаа дээгүүр бичигдэж байгаа улстай тоглолт хийх гэж байна. Энэ утгаараа энэ удаагийн тоглолт нэр төрийн хэрэг болж буй.

 

Гүрж улсын шигшээ багт энэ жил Италийн Сери А Лигийн Наполи клубийн од болон гялалзаж буй Хвича Кварацхелия болон Европын томоохон лигүүдэд тоглодог нийт 23 тоглогч дуудагдсан байгаа юм.

 

Тэгвэл манай Үндэсний шигшээ багт Словакийн Лигийн Комарно клубээс Г.Ганбаяр дуудагдаж, шигшээ багтайгаа нэгдэн Гүржид очоод байгаа.

 

Ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка, туслах дасгалжуулагч З.Баттулга болон үндэсний шигшээ багийн 23 тамирчин, эмч, албаны хүмүүс өчигдөр Гүржийн Батуми хотноо газарджээ. Монголын багийн ерөнхий ахлахаар МУГТ Б.Буман-Учрал ажиллаж байна. Өчигдөр орой Үндэсний шигшээ баг тоглолт болох Батуми хотод эхний бэлтгэлээ хийсэн байна.

 

Үнэндээ хожих хожигдох нь чухал бус, хамгийн гол нь олон улсын, тэр тусмаа Европын багтай анх удаа талбайд нь тоглож, туршлага судлах нь чухал юм. Гэхдээ мэдээж хэрэг, тамирчин хүн хожигдоно гэж тоглохгүй, яаж ийгээд ялалтын төлөө  зүтгэх нь тодорхой.  

Холбоотой мэдээ