ТӨВ: Жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжтой хөлбөмбөгийн талбайтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/ Төв аймаг Азид цор ганц дэлхийн стандартад нийцсэн битүү хучилттай, жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжтой хөлбөмбөгийн талбайтай боллоо.
Тус талбайг Монголын хөлбөмбөгийн холбооноос байгуулан 2021 онд нээлтээ хийж, зөвхөн дулааны улиралд ашиглаж байсан юм. Харин энэ удаад хүйтний улиралд ч бэлтгэл болон тоглолт хийх хүчин чадалтай болж байгаа билээ.
Монголд анх удаа өвлийн улиралд хөлбөмбөгийн тоглолт хүлээн авах боломжтой талбайтай болж буй талаар өмнө нь мэдээлж байсан.
https://montsame.mn/mn/read/310049?
Тус нийтлэлийг сэргээн хүргэвэл: Төв аймгийн Зуунмод
хотноо Манзушир хийд явах замд буюу Улаанбаатар хотоос 42 км зайд Олон улсын
тэмцээн явуулах боломжтой стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бий. Энэхүү
талбайд дулаалга хийж, өвлийн улиралд ч тоглолт зохион байгуулах хүчин чадалтай
болжээ.
Тус хөл бөмбөгийн талбай нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд Fifa Quality Pro гэрэлтүүлэг, стандарт хиймэл ногоон зүлэгжүүлэлт бүхий талбай, бэлтгэлийн хэрэгсэл, нэгэн зэрэг 70 хүртэлх хүнд үйлчлэх ор, 80 хүртэлх хүнд үйлчлэх рестораны хүчин чадалтай. Мөн багийн хурал зөвлөгөөн хийх 30-40 хүний багтаамжтай хурлын өрөө болон 8-10 хүний багтаамжтай уулзалтын өрөөтэй аж.
Иймд бид энэ удаа Монголын хөл бөмбөгийн холбооны бүтээн байгуулсан битүү хучилттай талбайг сурвалжиллаа.
Тус талбайн талаар МХБХ-ны Төв аймаг дахь бэлтгэлийн төв хариуцсан менежер
Н.Оюунтуяагаас тодрууллаа.
“Монголын хөлбөмбөгийн холбоо анх хүйтний улирал ихтэй учир жилийн дөрвөн улирал хичээллэдэг талбайтай болох төслийг санаачилж Олон улсын хөл бөмбөгийн холбоо, FIFA-д санал тавьснаар маш удаан яригдаж байгаад биеллээ олсон төсөл юм. Энэ нь Олон улсын хөл бөмбөгийн холбооны "Air dome forward" төслийн хүрээнд хийгдэж буй Азидаа анхны стандарт бүхий талбайн бүтэн хучилт юм.
Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 12 сар бэлтгэл хийх бүрэн боломжтой, 10-15 хэмийн дулаан гэдгээрээ онцлог. Монгол орон өөрөө жилийн дөрвөн улирал ээлжлэн солигддог, эрс тэс уур амьсгалтай. Ийм учраас дулааны улиралд бэлтгэлээ хийгээд хүйтний улиралд бэлтгэл алгасах үе байдаг бөгөөд ингэснээр тамирчдын амжилт өсөн нэмэгдэх боломжийг бууруулж байдаг. Харин гадаа цас, бороо орох, шуурч, салхилах гээд байгалийн хүчин зүйлээс үл хамааран бэлтгэлээ хийх бүрэн боломжтой болж байгаа нь тамирчдын амжилт, бэлтгэлийн үр дүнд эерэгээр нөлөөлөх томоохон хүчин зүйл болж, Монголын хөлбөмбөгт маш том хувь нэмэр орууллаа гэж харж байна.
- Азид цор ганц гэдэг нь
стандарт гэдгээрээ онцолж байгаа байх. Эрс тэс уур амьсгалтай Азийн бусад улс
орнууд үүнийг хийгээгүй байгаа гэж үү?
-Мэдээж Азийн эрс тэс уур амьсгалтай орнуудад бий. Гэвч стандартын дагуу хийсэн нь байдаггүй бөгөөд ингэж стандартын дагуу хийсэн талбай нь олон улсад л гэхэд Беларуст бий. Энэхүү талбай нь дэлхийд хоёр дахь нь, Азид эхнийх нь болж ашиглалтад орох юм.
-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх
стандарт хэмжээ нь хэд вэ? Халаалтын хувьд?
-Энэ талбай өндрийн хувьд дээшээ 27,5 метр есөн давхар байшин гэсэн үг. Талбайн урт 108 метр, өргөн нь 65 метр яг стандарт гэсэн үг. Халаалтын хувьд талбайг тойроод 20 гаруй халаалтын паар байгаа. Мөн агааржуулалттай. Өвөлдөө гадаа 40 хүрсэн ч гэсэн энд дунджаа бариад 10 хэмийн дулаанд бэлтгэлээ санаа зоволтгүй хийх боломжтой.
-“Air dome” ямар материалтай вэ? Мөн хэдэн
жилийн хугацаатай байдаг вэ?
-Мембран материалтай. Энэ нь ус чийгийг хялбархан ууршуулдаг, химийн урвалд ордоггүй, ургамлын үндэсний хамгаалалттай, удаан эдэлгээтэй, халуун хүйтэн, гал усанд тэсвэртэй. 25 жилийн хугацаатай.
-Ашиглалтын зардал
их гардаг уу?
-Тийм ээ. Үүнийг ажиллуулахад сард 60 сая төгрөгийн зардал гарч байгаа. Иймд бид 14 хоног тамирчдаа хүлээн авч бэлтгэлийг нь хийлгэх ба үлдсэн 14 хоногт нь аливаа хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллаж спорт тэмцээн, эвент, урлаг соёлын үйл ажиллагааг хүлээн авах төлөвлөгөөтэй байна.
-Тэгэхээр өөр төрлийн
спортын тэмцээн уралдаан, эвент зохион байгуулах боломжтой гэсэн үг үү?
-Бид хөлбөмбөгийн талбайн зүлгээ хуйлаад авч болохоор зохицуулсан. Мөн хуйлаад авч болдог спорт заалны шал, эвент үйл ажиллагааны шалны хүсэлтийг илгээсэн хариугаа хүлээж байна. Хэрвээ зөвшөөрөгдсөн тохиолдолд бид энэ төрлийн зардлаа өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан нөхөх боломжтой гэж харж байна. Мөн манайх амрах өрөө, ресторантай учраас аливаа хурал, зөвлөгөөн, жижиг урлаг соёлын үйл ажиллагааг тамирчид талбайн бэлтгэлээс түр завсарлах үеэр хүлээж авах боломжтой байгаа.
-Энэ талбайд тамирчдаас гадна хөлбөмбөг
сонирхогчид ирж үйлчлүүлэх боломжтой гэж байсан. Тэгэхээр
жуулчид шиг хүлээж авна гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэхдээ бас тамирчдын бэлтгэлгүй байх үед хамт олноороо хүрэлцэн ирээд тодорхой хэмжээний такс төлөөд хөлбөмбөгийн талбайтай танилцах, тоглох, музей үзэх зэрэг үйлчилгээг авах боломжтой. Ер нь Манзушир хийдийг зорьж буй 5-6 машин буюу өдөрт дунджаар 20 гаруй жуулчин үйлчлүүлдэг болсон.
-Музейгээ хараахан
байршуулаагүй харагдсан. Юу юу багтаахаар төлөвлөж байгаа вэ?
-Хараахан тохижуулж амжаагүй байна. Үе үеийн тамирчдын түүх, эд хэрэгсэл байхаар төлөвлөж байгаа.
-Талбайн
нээлт хэзээ болох вэ?
-Бид нээлтээ энэ оны зургаадугаар сард гэж төлөвлөж байна. Гуравдугаар сард FIFA хүлээн авна. Ингэхээр бусад бүх мэдээллийг дэлгэрэнгүй тавина. Нээлтээ хийгээгүй байсан ч байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн боломжтой.
Охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С. Эрдэнэбатаас сэтгэгдлийг тодруулбал, “Монголын хөлбөмбөгийн холбооны хүсэлтийн дагуу энэ сайхан бэлтгэлийн талбайтай болсондоо сэтгэл маш хангалуун байна. Улирал харгалзахгүйгээр бэлтгэл сургууль хийнэ гэдэг нь бидний хувьд томоохон ахиц дэвшил гарах үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спортыг дэмжиж, сургуулиудын талбайг хүртэл зүлэгжүүлж эхэлж байгаад би хувьдаа талархалтай байгаа. Ингэснээр ирээдүйн тамирчид илүү олноороо төрөн гарна гэдэгт итгэж байна. Мөн сүүлийн жилүүдэд Монголын хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт анхаарал хандуулж, шат дараатай ажлуудыг хийж байгаа. Өнөөдөр л гэхэд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг бэлтгэлээ таслалгүйгээр 2024 оны олимпийн урьдчилсан шатны эрхийн төлөө бэлтгэлдээ гарсан байна. Энэ оны 7 дугаар сард Тайланд улсад очиж эрхийнхээ төлөө тоглолтдоо орно” гэв.
Үндэсний хөлбөмбөгийн эмэгтэй багийн тамирчин Н. Намуунаагаас сэтгэгдлийг тодруулбал, “Би төдийгүй Монголын хөлбөмбөг тоглодог хүмүүс маш их баярлаж байгаа байх. Тамирчид бидний хувьд өвлийн улиралд формоо алдах тохиолдол элбэг. Харин одоо жилийн дөрвөн улиралд байгалийн нөхцөлийг харгалзалгүйгээр бэлтгэлээ тасралтгүй хийх завшаан тохиож байгаад баяртай байна. Бэлтгэлийн бааз маань их тохилог, дулаан, хоол сайтай, бас цэвэр агаартай газар байрладаг учраас амар байдаг.