БАЯНХОНГОР: Хүрлийн үеийн үнэт ховор олдвор Хос хүрэл морь 150гр жинтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-13 11:00:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. МЭӨ III-V зууны үеийн хүрлийн үеийн гайхамшигт ховор олдворын нэг болох хос хүрэл морь Баянхонгор аймгийн Музейд хадгалагдаж байна.


Хүрлийн үеийн гол дурсгалуудад тооцогдох Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогой, амгай, зуузай, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олдсон байдаг. Тэдгээрийн дунд дээрх олдвор байжээ.


Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл НТӨ III мянганаас эхэлсэн байна. I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Тухайн үед хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байсан байна.


1980 онд Орон нутаг судлах музейн тайлбарлагч байсан Д.Адъяа Бууцагаан сумын нутаг Уул хайрхан гэдэг газар нутаглаж байсан н.Цолмон гэдэг хүнээс цуглуулгаар ирснээс хойш өнөөг хүртэл аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.


Уг хос хүрэл морины хэмжээ нь: 150 гр жинтэй, 6 см өргөнтэй, өндөр нь суурийн хамт 9 см, урт нь 3 см юм байна. Тус үзмэрийн дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээг одоогоор хийгээгүй байгаа аж.

Холбоотой мэдээ