Ойг бүтээгч эх дэлхийн баатрууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-03-04 18:25:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн ганцаараа юуг ч бүтээж чадахгүй, ганц мод гал болдоггүй гэх мэтээр ярилцдаг. Харин байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нөхөн сэргээх үйлсэд үнэн сэтгэлээсээ зүтгэж буй ганц хүн хэзээ ч ганцаарддаггүй ажээ.  Тэд бол өөрсдийн гараар өтгөн шигүү ойг бий болгож чадсан агуу хүмүүс юм.


Амазоны ширэнгэн ой ба бусад газрын тайгыг хайр найргүй хядсаар байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд дэлхийн ойн сан хөмрөг эргээд сэргэж байна гэх сайхан мэдээг байгаль хамгаалагчид дуулгалаа. Үүнд өөрсдийн жинтэй хувь нэмрийг оруулж, гайхамшгийг бүтээж буй “ганцаардмал баатруудаас” олны бахархлыг онцгой ихээр төрүүлсэн цөөн хэдэн хүнийг онцольё.


Ойн эзэн Жадав Пайенг

1979 онд Брахмапутра гол асар хүчтэй үерлэх үед Пайенг хүү 16 настай байлаа. Үерийн ус татарсны дараа усны урсгалаар туугдаж ирсэн хэдэн зуу, мянгаар тоологдох хэвлийгээр явагч амьтад, могойнууд голын дундах арлын элсэн харгиан дээр үлдэж, нөмөр сүүдэр болох мод ургамал байхгүйн улмаас бүгд үхжээ.


Үхсэн амьтдыг хараад өрөвдөн уйлж суусан хүү элсэн дээр мод  тарьж, бүхэл бүтэн ойг бий болгож, хүмүүс ба амьтдад туслахаар эрс шийджээ. Нас хэт залуу хэдий ч тун хэрсүү тэрбээр “амласнаа хэрэгжүүлэхээр” шууд ажилдаа орлоо. Тухайн үед орон нутгийн удирдлага 200 га газрыг ойжуулахаар төсөл хэрэгжүүлэхэд Пайенг хамгийн түрүүнд сайн дураараа оролцов. Хэдхэн жилийн дараа төсөл хэрэгжээд дууссан тул 1980 онд тэрбээр дунд сургуулиа орхиж, дан элсэн харгиа бүхий голын дундах арал дээр суурьшин амьдрахаар шийдлээ.


Эхлээд хулс модны 20 ширхэг суулгацыг тарьсан нь сайхан ургав. Үүнд урамшсан тэрбээр Брахмапутра голын дундах арал дээр ба эргийн дагуу ой бий болгоно гэсэн зорилгыг өөртөө тавив. Үүний тулд бяцхан төгөлдөө улаан шоргоолжнуудыг авчирч үржүүлж, хөрсийг нь сайтар баяжуулав. Хэдэн жилийн дараа нүцгэн элсэн дээр бяцхан хулсан ой бий боллоо. Энд тэндгүй шувуудын жиргээ сонсогдож, араатан амьтдын мөр үзэгдэх болов.


Нэг хүний гараар боссон дархан цаазат газар

Түүнээс хойш 40 гаруй жил өнгөрчээ. Жадавыг багад нь Молай гэж хочилдог байснаас үүдэн түүний ургуулсан ойг Molai forest буюу Молайгийн ой гэж нэрлэх болов. Өнөөдөр энд бар, заан, хирс гээд олон төрлийн амьтад цугларан хөлхөлдөж байна. Аз болоход, модон дээгүүр дүүлдэг марокко муурнууд энд алга. Жадавын гараар бий болсон дархан цаазат газар өдгөө 550 га газрыг эзэлж байгаа нь Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгээс хамаагүй том гэсэн үг.  Молайгийн ойд кукубха, банаба, делоникс, альбици, архидендрон, бомбакс гээд бидний нэр зүсийг нь үл мэдэх олон төрлийн мод ургаж байна. Зөвхөн хулс мод гэхэд 300 га талбайг эзэлдэг.


Молайгийн ой гэж байдаг талаар Ассама мужийн Ойн аж ахуйн газрынхан бүр сүүлд 2008 онд л олж мэджээ. Нэгэн удаа ойд суурьшсан хэсэг заанууд мод руу явах замдаа тутраганы талбайг гишгэчин сүйтгэсэн байна. Уурсан хилэгнэсэн тариачид Жадавын тарьсан моднуудыг огтлон тайрахад бэлэн байлаа. Энэ үед Жадав ойгоо цээжээрээ хамгаалж “Эхлээд намайг алчихаад дараа нь ойг минь сүйтгэ” гэж байв. Энэ үед мужийн байгаль хамгаалах газрын нэгэн ажилтан Жадав ямар аугаа их үйлс бүтээснийг анзаарч хараад, муйхарласан олон тариачдад ой модны ашиг тусыг тайлбарлан ухуулжээ.


Элсэн дээр мод тарихаар зориглохдоо бусдын нүдэнд “солиотой” мэт харагдаж байсан Жадав олон жилийн дараа Энэтхэгт нэр хүндээрээ 4 дүгээрт тооцогдох Падма Шри гэдэг шагналыг хүртжээ. 2012 онд Ж.Неругийн нэрэмжит их сургууль Жадавыг урьж ирүүлэн, түүнд “Ойн хүн” гэдэг цолыг олгосон бол түүний тухай өгүүлдэг “Ойн эзэн” гэдэг кино Канны кино наадмын “Шилдэг баримтат кино” номинацид тэргүүлжээ.


Энэ бүхэнд урамшсан Жадав Брахмапутра голын нөгөө эргийн элсэн харгиаг ойжуулж чадна хэмээн амлаж байна. Нутгийнхан нь түүнд “Ойн эзэн” гэдэг алдрыг хүртээсэн бөгөөд Жадав энэ нэрэндээ тун дуртай. Тэрбээр өөрийгөө дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн тооцдог ажээ.


Хэрвээ энэ хүний итгэл зүтгэл байгаагүй бол голын дунд орших дэлхийн хамгийн том арал болох Мажули арал 20 жилийн дараа устаж үгүй болох байлаа. Голын дагуух хотуудад далан барьсны улмаас сүүлийн 70 жилд үерийн давтамж нэмэгдэж, арлын эзлэх талбай 2 дахин багасч, хөрсний элэгдлийн улмаас ургамал амьтны аймаг мөхөхөд хүрээд байв. Эрх баригчид яах вэ хэмээн толгойгоо гашилгаж байх зуур Жадав Пайенг /Jadav Payeng/ ганцаархнаа асуудлыг шийдсэн нь гайхамшиг бус уу.


Өдгөө тэрбээр мод тарих ажлаасаа ямар нэгэн ашиг орлого олдоггүй бөгөөд ойн гүн дэх жирийн нэгэн урцанд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Хэдэн үнээнийхээ сүүг нутгийн иргэдэд зарж, буйвол үхэр тэжээх нь түүний гэр бүлийн амьжиргааны гол эх үүсвэр юм. 


Молайгийн ой бол Энэтхэг дэх хүний гараар бий болсон цорын ганц ой биш ээ. Нэгэн сонирхолтой жишээ дурдвал, Ражастан мужийн Пиплантри гэдэг тосгоны оршин суугчид охин хүүхэд төрөх бүрт 11 ширхэг жимсний мод тарьдаг уламжлалтай. Ийм уламжлал нь юуны түрүүнд, охидыг тээршаан ад үздэг бурангуй ёсыг халж, охид бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, хоёрдугаарт, байгаль орчноо хамгаалах гэсэн хоёр сайн талтай. Охин хүүхэд төрснийг тохиолдуулан суулгасан моддыг арчилж тордоход зориулан тосгоны иргэд тухайн гэр бүлд мөнгө өгдөг байна. Мөнгийг авч буй эцэг эхчүүд “охиндоо заавал сургуулийн боловсрол олгоно, 20 наснаас нь өмнө нөхөрт гаргахгүй” гэсэн хоёр үүргийг хүлээнэ. 20 нас хүрэх үедээ тухайн бүсгүй данснаасаа мөнгө авч, өөрийн дураар зарцуулах эрхтэй болох ба охины инжинд хүрэлцэх хэмжээний мөнгө хуримтлагдсан байдаг ажээ.  


Ядуу фермерийн бий болгосон ой 

Индонез улсын Ява арал дээр фермийн аж ахуй эрхэлдэг Садиман гэгч 69 настай хижээл нэгэн эр ойн түймэрт хуйхлагдсан газарт мод тарьсаар 24 жилийг элээж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр 11 мянга гаруй ширхэг фикус мод ба баньян буюу инжрийн модыг 250 га газарт тарьж, бүхэл бүтэн ойг бий болгож чадсан үлэмж гавьяатай. 


Тарчигхан амьдралтай хэдий ч тэрбээр сайн дураараа мод тарих ажлыг амьдралынхаа зорилго болгожээ. Амины цөөн хэдэн ямаагаа баньян модны суулгацаар сольж, ойжуулах ажлыг гав ганцаараа хийж буй түүнийг харсан нутгийн иргэд “солиорсон байх” хэмээн өөр хоорондоо ярилцдаг байжээ. Орон нутгийн эрх баригчид, холбооны засгийн газраас хэзээ ч тусламж гуйж байгаагүй Садиман ганц хүний хүч хүрэхээргүй зарим ажилд хааяа нутгийн иргэдийн туслалцааг авсаар иржээ.


Баньян, фикус моднууд нь чийгийг өөртөө татаж, удаан хадгалдаг учраас өдгөө Садиманы амьдардаг газар ба зэргэлдээ хэд хэдэн тосгоныхон ган гачиг нүүрлэхээс айхааргүй болж, цэвэр усны хангалттай нөөцтэй болжээ. “Садиман солиорсон байх” гэж ярилцдаг байсан нутгийн иргэд хийсэн ажлынх нь үр шимийг хүртэх болсноор түүнийг “тулаанд ганцаараа мордсон жинхэнэ шударга дайчин эр” хэмээн үнэлэх болжээ.  


“Одоо л инжрийн модны суулгацуудыг тарихгүй бол тун удахгүй энэ газар цөлжих юм байна гэх бодол надад төрсөн. Ойг байх ёстой унаган газарт нь буцаан авчрах нь миний туйлын ганц зорилго” хэмээн эгэл даруу баатар эр ярьж байна.


Мод тарихад хамгаа зориулсан саятан

Зөвхөн тарчиг амьдралтай хүмүүс л сайхан сэтгэлийн үүднээс сайн дураараа мод тарьж, ойг бий болгодог гэвэл эндүү ойлголт болно.


АНУ-ын Флорида муж улсын баруун хойд нутаг 100 хүрэхгүй жилийн өмнө намгийн нарс гэдэг модоор битүү бүрхэгдсэн байв. Гэтэл үйлдвэр аж ахуйн газрууд ой модыг хайр найргүй цөлмөн огтолсны уршгаар нарс модны оронд намаг л үлджээ.


Нэгэн удаа Марион Клифтон Дэвис гэдэг саятан эр замын түгжрэлд орж, машин дотроо юу хийхээ мэдэхгүй гиюүрч сууснаа нэгэн майхан дотор байгаль хамгаалагчид лекц уншиж байгааг хараад сониучирхан очиж сонсжээ. Тэдний ярьснаар, ой мод устсаны улмаас тухайн нутагт суурьшсан хар баавгай гэдэг амьтан устаж мөхсөн байна. Энэ нутаг нарсан ойгоор бүрхэгдсэн байсныг 1930-аад оны үед өөртэй нь адил бизнес эрхэлдэг хүмүүс цөлмөн хядсаныг сонсоод Дэвид гүн цочролд оров.  


Энэ явдлаас хойш тэрбээр урьд нь намгийн нарс ургаж байсан газруудыг хэсэг хэсгээр нь худалдан авч эхэллээ. 90 сая доллароор 20 мянга гаруй га газрыг худалдан авсныхаа дараа Дэвис 8 сая ширхэг нарсны суулгац тарьсан байна. Үүний үр дүн гарч,  20 жилийн дараа битүү нарсан ой бий болсноор устаж үгүй болоход ойрхон байсан жигүүртэн шувууд, араатан амьтад унаган нутагтаа эргээд цугларах болжээ. МС Дэвис өөрийн гараар бий болгосон дархан цаазат газраа “Нокузе” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь индианчуудын крик гэдэг омгийнхний хэлээр “хар баавгай” гэсэн үг ажээ.

Харамсалтай нь, 2014 онд ойг гардан бүтээгч Дэвис уушгины хорт хавдартай болох нь оношлогдож, жилийн дараа өөд болов. Онош тодорхой болсны дараа тэрбээр өөрийн бүх хөрөнгө болох 300 сая долларыг шинэ нарсан ойг арчилж тордох, экологийн боловсролын төв байгуулахад зарцуулахыг гэрээслэн үлдээжээ. Өнөөдөр түүний үйл хэргийг гэр бүлийнхэн, найз нөхөд нь үргэлжлүүлж байна.


Саксаул тарьдаг аксакал

Цөлийн салхины хүчийг сааруулж, усыг хөрсөнд удаан барихын тулд мод тарих нь узбекчуудын хувьд үндэсний уламжлалт ёс. Харамсалтай нь, энэ сайхан ёс нэг бус удаа тасалдсаны улмаас Узбекистаны нутаг дэвсгэрийн 80 хүртэлх хувь нь цөлжиж, элсэн шуурга нөмөрсөөр.


Нэгэн удаа Жаркурган хотод амьдардаг өндөр настан Номоз Жумаев санамсаргүй тохиолдлоор нэгэн лекцэнд суухдаа, мод тарьснаар цөлжилтийг зогсоох боломжтой гэдгийг олж мэджээ. Үүнээс хойш “өөрийн гараар заг модон /саксаул/ ойг бий болгох юмсан” гэсэн бодол түүний сэтгэлийг эзэмдэх болов.


Аз болоход, хотын захад газар эзэмшдэг нэгэн бизнес эрхлэгч ой бий болгоход хүрэлцэхүйц хэмжээний газрыг аксакал /омгийн ахлагч гэсэн утгатай/ Жумаевт бэлэглэсэн аж. Ингээд тэрбээр тухайн газарт 2010 оноос эхлэн гэр бүлийнхний хамтаар гурван жилийн турш жил бүр 15 мянган ширхэг заг модны суулгацыг тарьжээ. 2018 он гэхэд суулгацууд томрон бэхжиж, төгөл гэж хэлж болохоор хэмжээнд хүрсэн байна. Шинэхэн заган ойд амьтад цугларч, моддын дор төрөл бүрийн өвс ургамал, цэцэгс, бут сөөг нахиалж эхлэв. Ой өргөжсөөр 150 га талбайг эзлэх боллоо.

Ийм сайхан зүйлийг бий болгосныхоо төлөө Жумаев одонгоор шагнуулж, тухайн газрыг эзэмшиж ашиглах эрхийн гэрчилгээг гардаж авав. Удалгүй экологийн мэдрэмжтэй бизнесмэний өгсөн 100 га газар дээр нэмээд 80 га газрыг Жумаевт олгожээ. Элсэнд дарагдсан том газар авчихаад баярладаг хүн гэж бараг үгүй  болов уу, харин Жумаев гуай өнөөдөр туйлын аз жаргалтай байна. 


Түүний төрөлх хот Жаркурганыг элсэн шуурга байнга нөмөрдөг тул нүүр амаа битүүлэхгүйгээр гадагш гарахын аргагүй, ер нь гарахын ч хэрэггүй байдаг. Харин Жумаевын бий болгосон хотын зах дахь заган ой салхи шуурганы хүчийг илт сааруулж байна. Гэтэл цэнгэг агаарын үнэ цэнийг үл ойлгодоггүй ухамсар дорой зарим иргэд дөнгөж бэхжиж буй заг моддыг түлэхээр завдсан нь Жумаевт багагүй чирэгдэл учруулж байна.  


...Бүхэл бүтэн ойг өөрийн гараар бий болгож чадсан энэ дөрвөн хүний тухай сэтгэл хөдөлгөм түүхийг сонсож байх үест “энэ хүмүүс бол улсынхаа баатрууд бус эх Дэлхийн баатрууд юм даа” гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. 

Холбоотой мэдээ