Монгени цогцолбор сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭЮНЕСКО-гийн холбоот, БСШУСЯ-ны харьяа лаборатори сургууль, МУБИС-ийн клиник, Боловсролын шинэчлэлийн загвар сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн тэргүүний Монгени цогцолбор сургууль өнөөдөр 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Тус сургууль энэ жил 112 багш, 59 бүлэгтэй, 1 дүгээр ангид 124 сурагч шинээр элсэн орж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхэлж байна.
Хичээлийн шинэ жилийг нээж тус сургуулийн Сургалтын албаны дарга А.Цэрэн үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “1990 оноос боловсролын зах зээлийн тогтолцоонд шилжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгени-21 төслийг хэрэгжүүлж буй анхны цогцолбор Монгени сургууль өнөөдөр 25 дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд хувь хүнд байгалиас заяасан хүч боломжинд нь суурилсан хүний хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийг улсын стандарттай зэрэгцүүлэн хэрэгжүүлж өөрийн гэсэн сургалтын арга зүй, агуулга, хэлбэр, технологийг бий болгож өнөөдөр боловсролын шинэчлэлийн загвар жишиг сургууль болж чадлаа. БСШУСЯ-наас бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг сурагчдад сонголт хийх өргөн боломжтойгоор боловсруулан хэрэгжүүлэх, цаашдаа ахлах сургуулийг бие даан хөгжүүлнэ гэсэн нь манай сургуулийн үйл ажиллагааг илүү хөгжүүлэх сайхан боломж олгож байна. Энэ дагуу өнгөрсөн хичээлийн жилд ахлах сургуулийн хичээлийн суудлын тоог 390-ээр нэмэгдүүлж орчин үеийн шаардлага хангасан олон шинэ кабинет, лабораториудыг байгуулж Бие даасан ахлах сургууль байгуулах бэлтгэл бүрэн хангагдлаа. Мөн ХБНГУ-ын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн интеграцичлагдсан сургалт буюу СТЕМ, зохион бүтээх авьяас хөгжүүлэх Юнимат, Бяцхан манлайлагч зэрэг олон улсын хөтөлбөр, бага суурь бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж боловсролын чанарын шинэчлэлийг манай сургууль манлайлан түүчээлж буйгаараа бахархаж байна” гэв.
Тус сургуулийн нээлтэд Монгол Улсын Төрийн соёрхолт, инженер Ц.Нацагням оролцож, Монгол генийг хөгжүүлж буй сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлээд, эрдэм номын их үйлсэд гараагаа эхэлж сургуулийн босго алхаж байгаа зургаан настнуудад болон нийт сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэв.
Энэ хичээлийн жилд тус сургууль сургуулийн эрхзүйн орчныг сайжруулах, ахлах сургуулийн менежментийг боловсронгуй болгох, сурагчдын суралцах чиглэл, мэргэжлийн чиг баримжаа ологоход дэмжлэг үзүүлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор