Зөвлөлдөх санал асуулгын эхний шат эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-26 14:59:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат өнөөдрөөс орон даяар эхэлж байна.


Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулах, санал асуулгын үр дүнг гаргах, тайлагнах ажлыг Үндэсний статистикийн хороо, тус хорооны аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгжүүд хариуцан гүйцэтгэж байгаа ба нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт ирэх сарын 2-ныг хүртэл зохион байгуулагдана.


Тус санал асуулга нь хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд, 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулах юм. Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Мэргэшсэн 77 мэдээлэл цуглуулагч сонгогдсон хүн тус бүрээс нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулах аж.


Хоёрдугаар шатны мэдээлэл цуглуулалт ирэх сарын 13-14-нд болох ба Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ нэгдүгээр шатанд оролцсон иргэдийн 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгох юм.

Холбоотой мэдээ