Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-12-22 12:02:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байнаДээрх зорилтын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг энэ оны 12 дугаар сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар боллоо.


Тус хөтөлбөрийг БОАЖЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний есөн салбарын 176 аж ахуйн нэгж, байгууллагын 728 үйлчилгээний цэг 5-50 хүртэлх хувиар хямдрал, урамшуулал зарлах юм.

Тодруулбал, 17 зочид буудал, 65 ресторан, зоогийн газар, 18 баар, паб, караоке, томоохон 10 худалдааны төв, их дэлгүүр, хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны салбар, ноос, ноолуурын 10 дэлгүүр, электрон барааны дөрвөн дэлгүүрийн 24 салбар, саун, массажны дөрвөн байгууллага, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 байгууллага, шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага тус хөтөлбөрт нэгдээд байна. Уг санаачилга Монгол Улсад өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавина хэмээн зохион байгуулагчид үзэж байна.


“Шинэ жилээр Монголд” хөтөлбөрт нэгдсэн төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл өнөөдөр уулзан, мэдээллээ нэгтгэж, санал хүсэлтээ хэлэлцлээ. Энэ үеэр Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх “Хөтөлбөрт нэгдсэн байгууллагууд нэгэн жигд баннерыг байгууллагынхаа үүдэнд байрлуулна. Баннерын тусламжтайгаар жуулчид хямдралтай байгууллагуудыг хялбар таних боломжтой болно. Анх удаа хэрэгжүүлж буй хөтөлбөр гэдэг утгаараа алдаа дутагдал гарах байх. Гэхдээ ирэх жилүүдэд алдаагаа засаж, улам сайжруулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллацгаая” хэмээн уриалав.



Монгол Улсад ирэх жуулчдад зориулан 11 дүгээр сараас эхлэн гадаадын 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг түгээжээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн гарын авлагыг хилийн боомтууд, онгоцны буудалд тараах аж. Жуулчдад зориулан 24 цагийн турш үйлчлэх утасны оператор ажиллуулж байгаа бөгөөд цахим платформуудыг хөгжүүлээд байна.


Тухайлбал, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Winter sale” төслийг санаачлан “UB Winter” гар утасны аппликейшн, www.UBwinter.com цахим хуудсыг нэвтрүүллээ. Таван орны хэлээр хөгжүүлэлтээ хийж буй тус цахим платформоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчлах, үйл ажиллагааны мэдээлэл хүргэх, дотоод, гадаадын жуулчдад бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх аж. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 7010-8687 дугаараар 24 цаг англи, орос хэлээр жуулчдад мэдээ, мэдээлэл өгөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ