ХОВД: Иргэд сумын дэд бүтцийн асуудлыг сайжруулах хүсэлт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-29 11:20:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа баруун бүсийн Булган, Алтай, Үенч суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа.


Уулзалтын үеэр сум, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Булган сумын иргэд жимс жимсгэнэ эрхлэгчдийг бодлогоор дэмжих, сумын дэд бүтцийг сайжруулах замаар төвлөрсөн дулааны станцын үйл ажиллагаа, холболтыг өргөжүүлэх, залуу малчин болон тариаланчдыг бодлогын түвшинд дэмжих, хог хаягдлыг бууруулах зорилтын дагуу сайн туршлагуудыг судлан нэвтрүүлэх, сургуулийн сурагчдад үйлчлэх нийтийн тээврийн автобустай болох зэрэг олон санал, хүсэлтийг уламжиллаа.


Харин
Улсын тэргүүний Үeнч сумын малчин өрхүүд алслагдсан бүсэд амьдарч байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим багт мал хэвтрээсээ гарах боломжгүй, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул тодорхой цэгүүдэд зам харгуй гаргах, өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг иргэд хүслээ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас малчин өрх болон алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл бэлэн байдлаа хангахыг сануулав.


Алтай
сумын иргэдийн хэлж байгаагаар тог цахилгааны тасалдал их үүсдэг. Иймээс Барлаг, Алтангадас гэх мэт багийн төвд өндөр хүчдэлийн трансформатор суурилуулж, сумын төвийг дайран өнгөрч буй 35 кВт агаарын шугамаас холболт хийх байдлаар дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн сум орон нутагт хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог эрчимжүүлэх, сумын дэд бүтэцтэй холбоотой асуудлыг үе шаттай шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгаа тухай иргэд ярьж байна. 


Холбоотой мэдээ