ХӨВСГӨЛ: Ханх сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-28 14:59:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл нуурын бүс нутгийг “Эко аялал, жуулчлалын бүс” болгон хөгжүүлэхээр зарлаж, “Алсын хараа-2050 “ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Байгалийн үнэ цэн, өгөөжийг үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилт тавьсан.

Тус  зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт  газарт хэрэгжиж байна.


Төслийн хүрээнд Ханх сумыг жишиг болгон, байгалийн онгон дагшин байдал, өв соёлоо дээдэлсэн, эдийн засгийн ногоон аялал жуулчлалын суурьтай суурин болгож, тогтвортой хөгжүүлэхээр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг, хөгжүүлэх төлөвлөгөөний хамт "Нью Урбанизм" ХХК хоёр жилийн хугацаанд боловсруулсан Ханх сумын удирдлага болон нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө. 


Ханхыг 1932 онд 5 багтайгаар байгуулж байсан бол эдүгээ 850 өрхийн 2867 хүн амтай сумын төвд нийт хүн амын 52 хувь нь оршин сууж байна. Жилд ОХУ-аас ойролцоогоор 12000 жуулчин хүлээн авдаг, нийт 57000 толгой малтай хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар хөгжих эдийн засгийн суурьтай сум юм.

Өнөөдрийн байдлаар Ханх сумын нийт ажиллах хүчний 40 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээр ажлын байр нэмэгдэж, малчид бүлэг, хоршоо, нөхөрлөл болон аялал жуулчлалаас ашиг хүртэх, хөрш орон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсон аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлийн цогцолбор бүхий бүс нутаг болон хөгжих боломжтой юм.



 

 

Холбоотой мэдээ