ДАРХАН-УУЛ: Үндэсний бичгийн цахим контентын уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Хэлний
бодлогын үндэсний зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэгч “Мэргэн
шаваа” мэргэжлийн хөгжлийн бүлгээс санаачлан “Үндэсний бичиг-Манай хамт олны өв
соёл” цахим контент бүтээх уралдааныг зарласан. Уг уралдааны шилдгүүд тодорч, өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Уралдаанд нийт 30 гаруй байгууллага оролцож үндэсний бичиг үсгийг хэрхэн сурсан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оролцож буй байдлаа зохиомж болон өдөр тутмын үйл ажиллагааг илэрхийлсэн видео контент болгон цахим орчинд байршуулсан аж.
Уралдааныг дүгнэхдээ бүтээлийн агуулга, зохиомжийн илэрхийлэл, бичлэгийн чанар, олон нийтийн хандалт, үндэсний бичгийг хамт олноороо суралцах уриалгыг хэрхэн дэвшүүлсэн, тухайн байгууллага хамт олон монгол бичгээ хэрхэн сурсан, өдөр тутамдаа хэрхэн хэрэглэж буй болон олон нийт рүү хандсан ямар үйл ажиллагаа зохион байгуулсан зэргийг үндэслэн шилдгүүдээ тодруулжээ.
Цахим уралдааны тэргүүн байрт “Насан туршийн боловсролын төв”, дэд байрт ерөнхий боловсролын есдүгээр сургууль, гуравдугаар байрт аймгийн “Төв номын сан” тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тусгай байрт “Од” цогцолбор сургууль, Шарын гол сумын хоёрдугаар сургууль, 13 дугаар цэцэрлэг, “Хүүхдийн номын ордон”-ы хамт олон шалгарчээ.
Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэгч “Мэргэн шаваа” мэргэжлийн хөгжлийн бүлгээс санаачлан хоёр дахь зохион байгуулсан уралдааны зорилго нь үндэсний бичгээ иргэн бүр сурч, мэдэх, түгээх дэлгэрүүлэх үйлсийг эрхэм болгох, цаашлаад Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилготой ажээ.
Тиймээс Монгол үндэстэн оршин тогтнох соёл
сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,
хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг
соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж буй эрхэм үүрэг гэж үндэсний
бичгийн цахим уралдааныг зохион байгуулагчид онцоллоо.