Японы Эзэн хааны одонг Монгол Улсын 23 иргэн хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-16 14:43:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ жил Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон Улсын Эзэн хааны одон хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагаа Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-нд энэ сарын 15-нд болов.

 

Монгол, Япон Улс 1972 оны 2 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. 


Ёслолын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ, “Монгол Улс эрх чөлөө, ардчиллын замыг сонгосноос хойш хоёр орны харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд олон хүний хичээл зүтгэл орсон байгаад сэтгэл минь ихэд хөдөлж байна. Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд олон монголчууд төрөл бүрээр хувь нэмрээ оруулдаг. Миний бие Япон Улсын Засгийн газрын болон Гадаад хэргийн сайдын өргөмжлөл, Японы Элчин сайдын өргөмжлөлийг томоохон хувь нэмрээ оруулж ирсэн монгол иргэдэд ёсчлон гардуулах нь хоёр орны харилцааны хувьд туйлын чухал юм. Цаашид ч олон өргөмжлөл хүртэх монгол иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.  

 

Хамгийн анх 1989 онд Япон хэлийг манай улсад анх түгээн дэлгэрүүлж байсан нэрт орчуулагч Доёдын Алмаас Япон Улсын Эзэн хааны одонг хүртэж байжээ. Уг одонг олон улсын харилцааг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, ард иргэдийн  тусын тулд салбар тус бүрээр онцгой амжилт гаргасан иргэдийг хавар намрын улиралд буюу жилд хоёр удаа шагнадаг юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном хэлэхдээ, “Цаашид хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг анхаарч ажиллах ёстой. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлах үеэрээ чулуун нүүрснээс устөрөгч бий болгож, эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлэхэд ашиглах талаар хамтран ажиллахаар тохиролцоо хийсэн. Энэ бол технологийн шинэ ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, байгаль орчны бохирдлыг багасгахад хамтрах чухал ач холбогдолтой хамтын ажиллагаа юм” гэв.

 

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Япон Улсын Эзэн хааны одонг Монгол Улсын 23 иргэн хүртсэн бөгөөд өдгөө 19 хүн нь амьд сэрүүн, өнөөг хүртэл хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хүчин зүтгэж буй юм.






Холбоотой мэдээ