Үйлчилгээний газрууд үнээ нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-22 15:24:27

Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Тариат, Өндөр-Улаан, Хашаат, Хотонт, Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газар, ресторан, эко- гэр жуулчны бааз, дэлгүүр, халуун усны цэгүүд үйлчилгээнийхээ хөлсийг нэмлээ.

Хэдийгээр энэ жил нийслэл хотоос хөдөөг зорьсон зорчигдын урсгал нэмэгдсэн боловч үйлчилгээнийхэнд төдийлөн их ашиг орохгүй байна гэж ажил олгогч холбооныхон үзэж байгаа аж.

Цэцэрлэг хотын буудалд бүтэн люкс 100.000-130.000, хагас люкс 80.000-100.000, энгийн өрөө 45.000-80.000 төгрөгний үнэтэй байна. Энэ үнийг эзэд нь ердийн гэж байгаа бол аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтэс, нийтлэг үйлчилгээний газрын дарга нар орон нутагт тохирохгүй өндөр хөлс гэж шүүмжлэлтэй хандаж байна.

Зөвхөн сүүлийн ганцхан сард хүнсний дэлгүүр, зоогийн болон хоолны газрууд архи дарс, талх гурилан боов, цагаан идээ, жимс жимсгэнэ, бууз хуушуурынхаа үнийг 100-гаас 800 төгрөгөөр нэмчихлээ гэж хэрэглэгчид бухимдаж байна.

Үнийг нэмсний уршгаар айл өрхүүд улам өр зээлэнд баригдаж байна. Цэнхэр сумын төвийн олон дэлгүүр барьцаанд тавьсан ахмадуудын тэтгэврийн дэвтэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн дэвтэрээр дүүрсэн аж. Орон нутгийнхан үүнийгээ бие биедээ дэм болж байгаа сайн хэрэг гэж үздэг. Учир нь бэлэн мөнгө хомс банкны зээлийн хүү өндрөөс гадна энгийн иргэд барьцааны хөрөнгө байхгүй учир таньдаг худалдагч нараасаа хэрэгцээнийхээ барааг зээлдэг, нөгөөдүүл нь урт хугацагаар зээл олгож байгаа болохоор барьцааныхаа үнийг үзэмжээрээ өсгөдөг зуршил тогтоод 15-16 жилийн нүүр үзэж байгаа аж. 

       Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ