ХОВД: Өсвөр үеийн кабинетыг шинэчлэн байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-21 13:09:44

Ховд /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор энэ сард “Өсвөр үеийн кабинет”-ыг шинэчлэн байгуулж, стандартын дагуу тохижууллаа.


Өсвөр үеийн кабинет нь Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв буюу Нэгдсэн эмнэлгийн  дэргэдэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн 4 давхарт тогтмол үйл ажиллагаа явуулна. Ингэхдээ өсвөр үеийнхэнд ээлтэй орчинд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ.

Мөн өсвөр үеийнхэнд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, мэдээллийг түгээж ажиллана. Өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийг бууруулах зэрэг зорилт дэвшүүлсэн байна.

Монгол Улсын хүн амын 15 хувийг өсвөр насныхан эзэлдэг. Харин Ховд аймгийн хүн амын 17.8 хувь буюу 15800 орчим нь өсвөр үeийнхэн болох 10-19 насны хүүхэд байна.

Энэ жил Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн өсвөр үеийн кабинет албан ёсны мэргэшсэн эмчтэй болсноор өдөрт 10-15 хүүхэд хүлээн авах, зөвлөгөө өгөх болон эмчийн үзлэгт хамруулах, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн гэж тус кабинетын эмч  Ц.Доржханд хэллээ.

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охидын төрөлт нэмэгдэх үзүүлэлт ажиглагдаж байгаа. Энэ чиглэлд анхаарна. Орон нутгийн өсвөр үе, залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл хэвшүүлэх чиглэлээр цаашид ажиллаж, үйлчлүүлж буй өсвөр үе, залуусын нууцыг хадгална, харьяалал харгалзахгүй гэж мэргэжлийн эмч ярьж байна. 

Холбоотой мэдээ