ГОВЬ-АЛТАЙ: 16 хүртэлх насны 162 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2625 насанд хүрэгч, 16 хүртэлх насны 162 хүүхэд байгаа тухай тус аймгийн ХХҮГ-аас танилцууллаа.
Насанд хүрэгчдийн 1590 нь эрэгтэй, 1035 нь эмэгтэй байгаа аж. Тэдний өвчний төрлөөр нь авч үзвэл: Нүдний 298, чих, хамар хоолойн 188, сэтгэцийн 420, халдварт өвчин 41, мэдрэлийн 392, мэс засал 208, арьсны 34, дотрын 605 бол гэмтэл согог өвчний төрлөөр 439 иргэн бүртгэлтэй байна. Харин хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хувиар ангилбал: 53 нь 100 хувь, 119 нь 90 хувь, 169 нь 80-89 хувь, 708 нь 70-79 хувь, 1090 нь 60-69 хувиар тогтоогдсон байна.
Тэгвэл 16 хүртэлх насны хүүхдийн 95 нь эрэгтэй, 67 нь эмэгтэй байна. Өвчний төрлөөр нь авч үзвэл, харааны бэрхшээлтэй 13, сонсгол 20, хэл яриа 8, хөдөлгөөн 35, сэтгэц 39, хавсарсан 38, бусад 19 бүртгэлтэй байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 3 нь СӨБ-д, 69 нь ЕБС-д, 6 нь тусгай сургууль, цэцэрлэгт, 7 нь насан туршийн боловсролын төвд, 16 нь хүүхэд хөгжүүлэх төвийн сургалтад хамрагддаг бол хүнд өвчтэй 19, 3 хүртэлх насны 9 хүүхэд гэрийн асаргаанд байдаг тухай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний төвөөс мэдээллээ.